Нисэх онгоцны зорчигчид сенегал цагаачийг албадан гаргахыг эсэргүүцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД./TASS/. Барселона-Дакарын чиглэлд нисэх гэж байсан агаарын тээврийн Vueling компанийн онгоцны нислэг цагаач эрийг өмөөрсөн хэсэг зорчигчдын эсэргүүцлээс болж саатжээ. Энэ тухай ням гарагт EFE агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлснээр, агаарын хөлөгт суусан зорчигчид Испанийн нутаг дэвсгэрт бичиг баримтгүйгээр нэвтрэх гэсэн Сенегалын иргэнийг албадан гаргах гэж байгааг зогсоохоор оролджээ. Нисэх онгоцон дотор байсан хууль бус цагаач эр орилж хашгичиж эхэлсэнд хэсэг зорчигчид түүнийг өрөвдөн өмөөрчээ. Тэдгээр зорчигчид Сенегалын иргэнийг Испанид үлдэхийг нь зөвшөөрөх хүртэл суудлаа эзлэхээс татгалзсан аж.
Хэсэг хугацааны дараа агаарын хөлгийн бүхээгт Иргэний гвардийн ажилтнууд орж ирэн, эсэргүүцэл үзүүлсэн зорчигчдыг онгоцноос хүчээр хөөн буулгажээ. Хууль бус цагаач эр онгоцондоо үлдэхээс аргагүй болж, Дакар руу ниссэн байна.
О.Барс