Монгол Улсын түүхийг илтгэн харуулсан 9 хэсгээс бүрдсэн урлагийн тоглолтоор баяр наадам эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн үндэсний их баяр наадмын нээлт долдугаар сарын 11-ний өглөөний 11 цаг 20 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд уламжлал ёсоор утга төгөлдөр дүүрэн, сүр жавхлантай эхэллээ.
Их баяр цэнгэл наадмын хүндэтгэлийн ёслолын арга хэмжээ нь наадамчин зон олны төдийгүй гадаадын жуулчин гийчдийн хамгийн их анхааралыг татдаг билээ. Учир нь Туурга тусгаар, Бүрэн Эрхт, Ардчилсан Монгол Улсын түүх, өв уламжлал, соёл урлаг, сүр хүчийг таниулсан уран сайхны тоглолтыг толилуулан харуулдаг гэдгээрээ онцлогтой.
Жилийн жилд наадамчин олныг гэгэлзүүлж, монгол хүн бүрийн эх орноо гэсэн чин сэтгэлийг бадраан баясгадаг энэ тоглолт нь олон зууны түүхт монголчуудын сэтгэлийн утсыг хөндөж чадахуйц содон, сонин, өвөрмөц шийдэл бүхий найруулан тавьсан байх учиртай. Энэ удаа Төрийн их баяр наадмын нээлт, хаалтыг найруулах хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хүлээн авсан. Тэрбээр, энэхүү эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэн Үндэсний Их баяр наадмын нээлтийн тоглолтыг утга төгөлдөр найруулсан нь наадамчин олны халуун талархал, сайшаалыг хүлээлээ.
Наадмын нээлт бүхэлдээ Монгол Улсын буурал түүхийг илтгэн харуулсан есөн хэсгээс бүрдсэн урлагийн тоглолт байв. Эхний хэсэг нь Ойрад Монголчуудын ур ухаанаар бүтээгдсэн хэмээдэг Монголын эртний уран зохиол дахь содон гурван гайхамшгийн нэг Жангарын туулийн хэсгээс дүрслэн үзүүлсэн юм. Утга агуулгын хувьд Жангар баатар дайчдаа манлайлан удирдаж, 15 толгойт атаат мангасыг дарж, дайн дажингүй өвчин зовлонгүй “Бумбын орон”-ыг бүтээн босгож буй хэсгийг дүрслэн харуулсан.
Харин хоёр дахь хэсэгт төрөлх эх нутгийн анхны төрт улс Хүннү гүрэн тэр дундаа Их хаан Атиллагийн сүр хүч, мандан бадралын тухай үзүүлсэн нь онц сонирхолтой байв.
Улмаар Монгол туургатны Бөртө Чоно, Гоо маралаас улбаалсан Их эзэн Чингис хааны Бурхан Халдун уулнаа морилон ирж, эцэст нь Их хайрхандаа мөнхөрч байгаа Их Монгол Улсын түүхийг утга төгөлдөр харуулахаас гадна Алунгоо эхийн сургаал, Их эзэн Чингис хааны захиас зэрэг нь монгол хүн бүр хойч ирээдүйдээ үргэлж санаж мөрдөх ариун ёс, эрхэмлэх мөн чанар нь оршиж ирсэн билээ.
Үүний дараа Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт, нэрт соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын үеийн Монгол түмний мандан бадралын тухай дүрслэн үзүүлсэн урлагийн тоглолт байв.
Ингээд 20 дугаар зууны Ардын хувьсгал, 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал гээд монголчуудын бүх цаг үеийн түүхийг нэг дор цогцлоон харуулсан соёл, урлагийн тоглолт нь Монгол улсын олон мянган жилийн буурал түүхийг 60 гаруйхан минутад багтаан толилуулсан чамбай түүхэн үзүүлбэр байсныг наадамчин олон төдийгүй гадаадын зочид, гийчид талархалтай хүлээн авч, таалан сонирхсон юм.
Мөн өнгөрсөн жилийн наадмын нээлтээр шүхрээр бууж наадамчин олонд гэнэтийн бэлэг барьсан бол өнөө жил талын нүүдэлчин монголчуудын Эв эеийн их бэлгэдэл ур ухааны сэтгэлгээний дээд болсон "Оньсон тоглоом"-ыг эвлүүлэн Монголынхоо хөх тэнгэрт хөөргөсөн нь тун өвөрмөц шийдэл болж чаджээ.
Дэлхийн шилдэг таван дуурийн дуучны нэгээр шалгарсан, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, аавын тухай дуугаа дуулж наадамчин олны сэтгэлийг гэгэлзүүлсэн юм. Харин эхийн хайрын хувьд яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёогийн шүлэг, “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дуу нь эх үрсийн амар амгалан, аз жаргалыг илтгэсэн нь уяхан замбуулин хорвоогийн жаргалын дээд гэдгийг онцлон харуулсан бүтээл байв.
Дашрамд дурдахад, манай жүжигчид, уран бүтээлчдийн дүр, жүжиглэлт, хувцаслалт, тайз чимэглэл, тавилт, найруулга гээд бүх үзүүлбэр, тоглолтын өнгө, донж нь бүрэн зохицон нийлсэн нь гайхалтай байсныг онцлох учиртай.
Баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд манай сор болсон уран бүтээлчид болон соёл урлагийн байгууллагуудын 1500 гаруй уран бүтээлч, Зэвсэгт хүчний энхийг сахиулагч залуус оролцсон. Ардчилсан Монгол Улсын дэлхийд ганцхан хэмээгддэг Үндэсний Их баяр наадмын нээлтийн соёл урлагийн тоглолт ийнхүү амжилттай сайхан боллоо.
Д.Өлзийсайхан