Вьетнам-АНУ-ын худалдааны хэмжээ 43,6 дахин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 12:57:37
ХАНОЙ./TASS/. Вьетнам болон АНУ-ын хооронд хийж буй худалдааны хэмжээ өнгөрсөн 16 жилийн хугацаанд 43,5 дахин өссөн тухай БНСВУ-ын Гаалийн Ерөнхий газар мэдэгдлээ.

Тодруулбал, 2000 онд 1,08 тэрбум доллар байсан хоёр орны бараа эргэлтийн хэмжээ 2016 оны дүнгээр 47,15 тэрбум долларт хүрч өссөн байна. Вьетнамын гаалийн албаны мэдээллээр, сүүлийн жилүүдэд АНУ нь Вьетнамын хувьд хамгийн том экспортын зах зээл болсон ба экспортын хэмжээ жилд 28 хувиар нэмэгдэж байгаа аж. Харин Вьетнам улс Америкийн бараа бүтээгдэхүүнийг импортлогч орнуудын дотор 12 дугаарт бичигдэж байна. Вьетнамын тал АНУ-д хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, далайн хүнсний бүтээгдэхүүн, тавилга, оёмол бүтээгдэхүүн нийлүүлж, АНУ-аас хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, сэлбэг хэрэгсэл болон эд ангиуд худалдан авдаг ажээ.

1995 онд хоёр улс дипломат харилцаагаа сэргээн тогтоосноос хойш АНУ нь Вьетнамын хувьд худалдааны гол түншүүдийн нэг нь болсон төдийгүй тус улсад оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр эхний тавд орж байна. Америкчууд Вьетнамд 10 тэрбум долларын үнийн дүн бүхий 835 төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Дашрамд дурдахад, Америкийн их, дээд сургуулиудад 21 мянган вьетнам суралцаж байгаа нь оюутнуудаа АНУ-д илгээдэг улсуудын дотор 7 дугаарт орох үзүүлэлт юм.

Б.Адъяахүү  
相关新闻