Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” дөрвөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-09 15:06:13
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 90 дугаар тогтоолын дагуу Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Гомбосүрэнгийн Гэндэнжанхар, Санжаавын Сэндэнгарам, Дэмбэрэлдашийн Дашмаа, Сүрэнгийн Лхаажав нарыг  Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө.
Гомбосүрэнгийн Гэндэнжанхар 1955-1979 онд Барилгын цэргийн 111, 144, 021 дугаар ангид Салааны дарга, орлогчоор ажиллаж байгаад 1979-1984 онд Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд Цэрэг иргэний хамгаалалтын хэлтсийн даргаар томилогдож байсан юм.
Санжаавын Сэндэнгарам 1976-2006 онд Эрдэнэт хотын ерөнхий боловсролын I болон V сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байжээ.
Дэмбэрэлдашийн Дашмаа 1975-1991 онд Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд гагнуурчин, 1991-2003 онд “Эрдэнэт Ус” сувагт ус түгээгч, 2003-2009 онд “Эрдэнэт “СИБ” ХХК-д цахилгаанчнаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарчээ.
Сүрэнгийг Лхаажав 1975 оноос “Эрдэнэт үйлдвэр” –ийн Санхүүгийн хэлтсийн дарга, Сургалтын төвийн захирлаар ажиллаж байсан юм.
Орхон  аймаг 2006 оноос Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ийг тодруулж байгаа бөгөөд ийнхүү дөрвөөр нэмэгдэж 26 боллоо.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻