Автомашины тусгай зөвшөөрлийг дөрвөн салбараар худалдаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-07-08 10:58:44

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Улсын их баяр наадмын автомашины тусгай зөвшөөрлийг энэ сарын 8, 9-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” төв дэх салбараар худалдаж байна.

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн зөвшөөрлийг олгох юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрөл олгодог бөгөөд хөдөлгөөнд оролцогчид авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заасан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой аж.

Төв цэнгэлдэх хүрээлэнд:

 “А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхарт тээврийн хэрэгслийн зогсоолтой.
 “Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд  байрлана.

Хүй долоо худагт:

Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
 “Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашин Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
 “Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж  тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, МҮХАҮТ-ын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэх юм.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана.

Мөн баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-13-нд “Амгалан”-гаас “Давааны зөрлөг” хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх бөгөөд энэ сарын 11, 12-нд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-нд хотын төв буюу МУБИС-ийн баруун тал буюу Улаанбаатар зочид буудлын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, “3, 4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудийн ордон”-ны зогсоолоос тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчлэх юм.

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

Замын ачааллаас шалтгаалан энэ сарын 12-ны өглөө “Соёолон” насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор
相关新闻