Цагдаагийн алба хаагчид цол нэмэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-07-05 13:19:24
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар албан үүргээ нэр төртэй биелүүлсэн зарим албан хаагчдыг өнөөдөр шинэ цолоор шагнав.

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан” зарим албан хаагчдыг цолоор шагнасан юм. Төв аймгийн Цагдаагийн газраас хоёр дэд хурандаа, есөн хошууч, хоёр ахмад, гурван ахлах дэслэгч шинээр төрлөө.

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ө.Амаржаргал, Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ю.Чулуунбаатар нар цагдаагийн “дэд хурандаа” цолоор шагнуулсан бол ахлах нягтлан бодогч, цагдаагийн ахмад Н. Дашдаваа, Эрдэнэ сумын хэсгийн дарга, цагдаагийн ахмад Э.Дашцэрэн нар цагдаагийн “хошууч” цол хүртлээ.

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Чулуунбаатар, Баян сум дахь цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хишигтогтох нар цагдаагийн “ахмад” цолоор, Заамар сум дахь цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ, Баян-Өнжүүл сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Нацагдорж, Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Эрдэнэбилэг, Эрдэнэсант сум дахь зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Анхбаяр, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах нарыг цагдаагийн “ахлах дэслэгч” цолоор шагнууллаа хэмээн аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх асуудал ахлах байцаагч, Цагдаагийн ахмад М.Нансалмаа тодотгосон юм. 
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻