Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.
Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм. Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна. Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.
Сумдад аврах анги байгуулна
Хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, ой, хээрийн болон объектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд гал түймэр унтраах аврах анги, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд эрэн хайх, аврах салбар шинээр байгуулахаар боллоо.
IV зэрэглэлийн гал унтраах анги 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан албан хаагчийн тоог 39-өөр тогтоосон байна.
Энэ оны эхний таван сард улсын хэмжээнд 138 удаа ой, хээрийн түймэр гарч 31 мянга га ой, 3.2 сая га түймэрт өртөж, байгаль экологид 10 гаруй тэрбум, эд материалын тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Түймрийн улмаас дөрвөн хүн нас барж дөрвөн хүн түлэгдэн 41 айлын гэр, 64 саравч, 6143 толгой мал, бусад зүйл шатсан байна.
Тэгвэл мөн хугацаанд 1792 удаа объектын гал түймэр гарч зургаа орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарчээ. Галд 22 хүн амиа алдаж, 19 хүн түлэгдэн 822 толгой мал хорогдож, 764 гэр, орон сууц шатсан байна. Аврагч, гал сөнөөгчид 462 хүний амийг аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 10 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймэрт өртөхөөс сэргийлж чаджээ.
Нийгэм, эдийн засгийн байдлаас болж хотын есөн дүүрэгт 14, 21 аймгийн 330 сумын 42-т нь л гал түймэр унтраах аврах анги ажиллаж байна.