Гол мөрөнд осолдсон иргэдийн дийлэнх хувь нь нутгийн биш иргэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-04 19:22:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг сумдаас амарч зугаалж явсан иргэд байгаа ажээ. Эдгээр иргэд нь тухайн орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс үүдэлтэй дээрх гэмт хэргүүд гарч байгаа гэнэ.
Иймд иргэд та бүхэнд Сэлэнгэ аймгийн ОБГ-аас дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.
-Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
-Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
-Гол нуурын эрэг дээр амарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
-Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 03-ны байдлаар гол, усанд осолдсон 8 дуудлага бүртгэгджээ. Эдгээр дуудлага мэдээллийн 5 нь голын усанд, гурав нь тогтоол усанд орж байснаас 5, 14 насны хоёр хүүхэд, насанд хүрсэн 9 хүн амь насаа алдсан байна. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаа бөгөөд энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр бүгчим халуун үргэлжилж зарим өдрүүдэд 33-38 хэм хүрч халах төлөвтэй байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻