Бизнесээ өргөжүүлэхийн тулд холбоондоо нэгдэж, хамтран ажиллахыг урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-04 19:14:01
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хамрагдсан "Таны Бизнесийг Танд" сэдэвт ажил хэрэгч уулзалтанд аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцож, баялаг бүтээгч бүсгүйчүүддээ аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах талаар цаашид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Сэлэнгэ аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөлтэй хамтран зохион байгуулсан энэхүү "Таны Бизнесийг Танд" сэдэвт ажил хэрэгч уулзалт өчигдөр буюу энэ сарын 4-нд Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа. Уулзалтанд аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл оролцож, жижиг дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэр үйлчилгээний талаар баримтлах бодлого, чиг хандлага, хэрхэн дэмжин ажиллах талаар мэдээлэл өгчээ. Зохион байгуулагчдын зүгээс уулзалтанд оролцогч бүсгүйчүүдэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, холбооны цаашдын зорилго, хэтийн зорилт, гишүүнчлэлийн талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо хуваалцсан нь маш үр дүнтэй болсон байна. Түүнчлэн REACH Төслийн зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулж өгөхөөс гадна, арилжааны банкнаас зээл авахад зээлийн зуучлалын үйлчилгээг үзүүлэх аж. Мөн бизнесийн талаарх сургалтуудыг ч хамтран зохион байгуулахаар болжээ. Иймд бизнесийн гараагаа эхэлж байгаа болон бизнес эрхлэгч бүсгүйчүүд өөрийн бизнесээ өргөжүүлэх бүхий л талын мэдлэг мэдээллээ тус холбооноос олж авах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Ингэхийн тулд Сэлэнгэ аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоондоо нэгдэж, хамтран ажиллахыг тус холбооны зүгээс урьж бас уриаллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻