Сэлэнгэ аймаг шилэн дансны мэдээллээ 100 хувь ил тод мэдээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-07-03 18:40:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шилэн дансны тухай хуулийн дагуу иргэдэд ид тод болгох мэдээллүүдээс зургаан төрлийн мэдээллийг сонгон авч 21 аймгийн ЗДТГ-ууд хэрхэн ил тод мэдээлж байгаад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд сар бүр ажиглалт хийж байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын тухайд сүүлийн гурван сар маш сайн үнэлгээ авсан байна. Тухайлбал 5-р сарын байдлаар Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын ЗДТГ-ууд 5 саяас дээш төгрөгийн худалдан авалт, гүйлгээний мэдээллээ 100 хувь ил тод байгааг нийтэд мэдээллээ. Өмнөх 4-р сард 8 аймгийн ЗДТГ энэхүү 5 саяас дээш төгрөгийн худалдан авалт, гүйлгээний мэдээллээ 100 хувь ил тод оруулж байсан бол 5-р сард 5 аймаг болж буурсан мэдээлэлтэй байна. 
Энэхүү дүн шинжилгээг хийхдээ аймгуудын ЗДТГ-ын нийтэлсэн гүйлгээ ба түүнд хамаарах шийдвэрүүд, худалдан авалт ба төсвийн гүйцэтгэл зэргээр ажиглалт хийж ерөнхий үр дүнг нь гаргажээ. Дашрамд дуулгахад энэ мэдээлэлд цалингаас бусад орлого, зарлагын гүйлгээ хамаарч байгаа бөгөөд Шилэн дансны нэгдсэн цахим хуудас, ЗДТГ-ын цахим хуудас, ЗДТГ-ын мэдээллийн самбар, Төрийн сангийн дансны хуулга зэргийг мэдээлэлдээ ашиглан эцсийн дүнгээ гаргаж байгаа гэнэ.
Эл дүн шинжилгээг Монгол Улсын Сангийн Яам, “Монголын Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран хийжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻