Японы хилээр 100 кг алтыг нууцаар оруулах гэж байгаад баригджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО./TASS/. Японы "Кансай" олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд нийт 100 кг гаруй жинтэй алтан гулдмайнуудыг хууль бусаар хилээр оруулах гэж байсныг илрүүлжээ. Энэ тухай өнөөдөр Kyodo агентлаг мэдээллээ.
Малайзын хэсэг иргэд Япон руу хууль бусаар оруулахыг завдсан алтны нийт үнэ нь урьдчилан тооцоолсноор 500 сая иен /4,5 сая доллар/ болж байгаа аж. Мөрдөн байцаагчдын ярьснаар, тус нисэх онгоцны буудалд буусан гадаадын 10 зорчигч хувцсан дотуураа алтыг нуун хилээр нэвтрэхийг завдсан байна. Тэдэнд мэдүүлбэл зохих гаалийн баримт бичиг огт байгаагүй аж.
Япон руу хууль бусаар алт оруулах гэсэн оролдлого цөөнгүй гардаг ба хууль бус наймаачид голдуу Хонконг, Өмнөд Солонгосоос бараагаа зөөдөг байна. Алтны үнэ бусад орнуудтай харьцуулахад Япон улсад өндөр байдаг учраас гаалийн татвар төлөхгүйгээр бараагаа хилээр оруулж, ашиг олохын тулд ийм оролдлого хийдэг аж.
Энэ зуны эхээр Японы баруун өмнөд нутгийн Кюшү арлын боомтод орж ирсэн загас агнуурын хөлөг онгоцонд 206 кг жинтэй алт нуусан байсныг илрүүлж байжээ.
О.Барс