Б.Немцовын үхэлд чеченьчүүд буруутай болохыг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-30 13:46:29
МОСКВА. /Reuters/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч бөгөөд шадар сайд асан Борис Немцовыг таван чечень залуу хөнөөсөн болохыг тус улсын шүүх тогтоожээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг хатуу шүүмжлэгч Б.Немцовыг 2015 оны хоёрдугаар сард Кремлийн ордноос холгүй газарт Заур Дадаев гэгч этгээд буудан хөнөөсөн юм. Нөгөө дөрвөн хүн нь гэмт этгээдийн хамсаатнууд ажээ. Б.Немцовыг 250 мянган доллар авч, захиалгаар хөнөөсөн гэх мэдээлэл гараад байсан юм. Гэвч гэмт этгээдүүд энэ мэдээллийг няцаасан байна.

Энэ аллагыг захиалагч хэзээ ч олдохгүй байж магадгүй гэж Б.Немцовын ар гэрийнхэн үзэж байна.

Аллагатай холбоотой Руслан Мухудинов гэгч өөр нэг чечень залууг Оросын хууль сахиулагчид эрэн хайсаар байгаа аж. Тэрбээр хилийн чанад руу оргон зугтсан бололтой.

Б.Немцов нь 1990-ээд онд Ерөнхийлөгч Борис Ельциний үед шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд хожим нь В.Путиныг эрс шүүмжлэгчдийн нэг болсон билээ.


55 настай түүнийг 2015 оны хоёрдугаар сарын 27-нд Москва хотын төвд явж байхад нь буудан хөнөөсөн юм. Энэ өдрийн өглөө тэрбээр радиод ярилцлага өгөх үеэрээ эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг сонсогчдод уриалж байв.

Тухайн үед тэрбээр Украины зэвсэгт мөргөлдөөнтэй Орос холбоотой болохыг нотлох баримтуудыг олон нийтэд дэлгэхээр төлөвлөж байсан гэдэг.
 
В.Путин тухайн үед энэ хэргийг “харгис, эрээ цээргүй хэрэг” гэж тодорхойлоод, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцож, зохих шийтгэлийг нь ногдуулна гэж амлаж байсан билээ.

Орост сүүлийн жилүүдэд нөлөө бүхий улс төрчид, сэтгүүлчдийг хөнөөсөн хэрэг нэг бус удаа гарсан юм.

Гэхдээ ийм хэргийн сэжигтнүүдийн гэм буруутайг нь тогтоож, яллаж, хүний амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлж байсан тохиолдол Орост бараг гарч байгаагүй билээ.

Г.Доржханд
 

相关新闻