Ажил мэргэжлээрээ “НИК” ХХК-ийн баг тамирчид тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-27 10:12:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны салбарын ажилтан албан хаагчид ажил мэргэжлээрээ өрсөлдөв.
Газрын тосны салбарын ажилтны өдөр, Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Ур чадвартай мэргэжилтэн” сэдэвт ажил мэргэжлийн тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан байна. Тэмцээнд Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Ник” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Магнай трейд” ХХК, “Сод монгол” ХХК, “Шунхлай петролиум” ХХК, “Дашваанжил” ХХК зэрэг 6 багийн 30 тамирчин оролцож, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зургаан даалгаварыг биелүүлсэн аж. Багууд аймгийн Онцгой байдлын газраас бэлтгэсэн Шатахуун түгээх станцын ажилчдын онолын мэдлэг сорих тест, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөх, атираат хоолой солих, шилжүүлэн хэрэглэгч гайк холбох зэрэг даалгаваруудыг гүйцэтгэн барианд орсоноор эцсийн дүнгээ авсан байна. Ингээд мэргэжлийн ур чадвараараа “НИК” ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ.
Харин удаах байрт “Магнай трейд”, “Шунхлай” ХХК-ийн баг тамирчид шалгарч, мөнгө, хүрэл, медаль болон мөнгөн шагнал хүртжээ. Эл тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Ашигт малтмал газрын тосны газрын Сэлэнгэ аймаг дахь салбар хамтран зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻