Саналаа өгөөд байгаа иргэдийн 70-аад хувь нь 26-51 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-26 13:04:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт Баянхонгор аймгийн хэмжээнд 29.10 хувьтай байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 54.583 байгаагаас 15.886 нь саналаа өгөөд байгаа аж. 
12:00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд Богд сумын сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 42.03 хувьтай, Галуут сумын сонгогчдын ирц 20.87 буюу идэвх сул байгаа юм байна. Харин насны бүлгээр авч үзвэл 26-51 насныхан хамгийн идэвхтэй буюу санаал өгсөн иргэдийн 70 шахам хувьтай байгаа бол ирц хамгийн сул нь 18-25 насныхан 10 гаруй хувийг эзэлж байна.
Аймгийн хэмжээнд санал авах 105 байранд 683 зохион байгуулагч ажиллаж байгаа бөгөөд нийт дүнгээр энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг Баянхонгор аймагт 796 хүн гардан зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд хур тунадасгүй, цаг агаар тогтуун, дулаан байна. Cонирхуулахад, Сонгуулийн тухай хуулийн дагуу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр 07:00-20.00 цагийн хооронд санал авах үйл ажиллагааг зохион явуулсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ аймгийн хэмжээнд 1732 сонгогч гаргаснаас 1713 сонгогч саналаа өгчээ.    
 Б.Мөнхзул
相关新闻