Өмнөговь аймагт 900 гаруй сонгогч хайрцгаар санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Өмнөговь аймгаас 920 сонгогч хайрцгаар санал өгнө. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр өглөө есөн цагаас эхэлсэн бөгөөд оройн 20 цагт дуусна.
Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль маргааш буюу даваа гаригийн өглөө долоон цагт эхэл оройн 22 цагт дуусна. Тус аймгийн хэмжээнд 41800 сонгогч сонгууль өгөх юм байна. Аймгийн хэмжээнд 54 хэсгийн хороонд 58 санал тоолох автоматжуулсан төхөөрөмжийг байршуулж санал хураалтад бэлдсэн ажээ.
Өмнөговь аймгийн хувьд отор нүүдэл ихтэй байгаатай холбоотой сонгогчийн ирц хүрэхгүй байж болзошгүйг сонгуулийн хорооноос анхааруулж байна.
Тус аймгийн 10 сумын 321 өрхийн 176,4 мянган мал өөрийн аймгийн бусад сумдад оторлож явна. Мөн Өвөрхангай аймгийн Богд, Дундговь аймгийн Өлзийт, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд манай аймгийн 2 сумын 7 өрхийн 4,1 мянган толгой мал оторлоод явж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн