Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлтүүд сонгуулийн үр дүнгээр баталгаажина гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-23 12:06:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүд Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 1992 оноос хойш Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль явуулж, тав дахь Ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийнх иргэдийг хар бараан мэдээллээр төөрөгдүүлсэн сонгууль болж байна. АН-аас Р.Амаржаргал нэр дэвшсэн бол хар пиараар олон түмнийг сэтгэлгээний хувьд төөрөлдүүлэхгүй байх байсан.

Эдийн засагт гарсан нааштай үзүүлэлтийг улс төрийн хувьд баталгаажуулахад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль онцгой ач холбогдолтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар,  орон нутагтайгаа хамтраад зорилго нэгтэй ажиллавал эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах улс төрийн дүр зураг харагдаж байгаа юм.

М.Энхболд дарга төрийн ажлыг анхан шатнаас нь дээд цэгт нь хүртэл тасралтгүй хийсэн цөөхөн улстөрчийн нэг. Нөгөө талаасаа хувь хүнийх нь ноён нуруу цаашдаа Монголын төрийг зөв, тогтвортой болгож, хууль номын хүрээнд төрийн ажлыг авч явахад М.Энхболд даргын төрөлх зан чанар, хүлээцтэй байдал хэрэг болно.
 
Энэ сонгуульд хар бараан мэдээлэл их гарч байгаа нь нэр дэвшигчдээсээ үүдэлтэй. 2012 онд хувийн компанийн мөнгөөр 247 км төмөр зам барих байсныг будлиантуулсан хүн өнөөдөр сонгуульд өрсөлдөөд явж байгаа нь үнэхээр таалагдахгүй байна” гэлээ.
 
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Х.Баттулга оффшорт 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө нуусан байна хэмээн олон улсын байгууллагууд зарласан байна. Энэ нь 2.6 их наяд төгрөг. Монгол Улсын төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх мөнгө. 40 гаруй компанитай, 200 гаруй га газартай, оффшорт 1.1 тэрбум ам.доллартай хүн яаж Монгол  Улсын төрийн тэргүүний ажлыг хийх вэ. Ядаж оффшорт мөнгөгүй, өөрийнхөө хөрөнгийг ил тод мэдүүлдэг хүн Ерөнхийлөгч болох ёстой” гэв.
 
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Бидэнд эдийн засгийн хямрал гэдэг ганц дайсан байна. Бид нэгэн зүгт харж ажиллаж чадвал ирэх оны өдий үе гэхэд эдийн засаг өмнөх түвшиндээ очих бололцоотой. Ер нь хамгийн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр бол МАН-аас нэр дэвшигчийнх юм" хэмээв.
Б.Туул
相关新闻