Австралийн эмч нараас туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 14:25:47
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудад эх барих нярай, эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын чиглэлээрх сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Уг сургалтаар эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын тухай ойлголт, гарах эрсдэлт хүчин зүйл, хүндрэлүүдийг даван туулах арга замын талаар Австрали улсын эмч нар мэдээлэл өгч байгаа юм.

Төв аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа уг сургалтаар эрүүл мэндийн эмч ажилчдыг чадавхжуулах, хооронд харилцан туршлага судлуулах ач холбогдолтой аж. Мөн эмч нар сургалтаар үргүйдлийг эмчилж, эмэгтэйчүүдийг зовиур багатайгаар хагалгаанд оруулж сурна хэмээн Австрали улсын эх барих эмэгтэйчүүдийн эмч Саманта Харгрейвэс онцолсон юм.

Өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүдийн мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгддэг бөгөөд энэ үзүүлэлт манай улсад дөнгөж 10 хүрэхгүй хувьтай байдаг аж. Орчин үеийн тоног төхөөрөмжийг эмнэл зүйн практикт үр дүнтэй ашигласнаар эмэгтэйчүүдийн мэс заслын чанар, хүртээмж сайжрахаас гадна эмнэлгийн ор хоногийн ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно хэмээн Төв аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа тодотгосон юм. 
Т.Есүхэйтөмөр
相关新闻