Ноос бэлтгэгч, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 12:57:03
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн 27 сумын ноос бэлтгэн нийлүүлэгч хоршоод, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрийн төлөөлөл, мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүд зэрэг нийт 150 төлөөлөгчид оролцсон “Ноос бэлтгэлийн хэлэлцүүлэг” энэ сарын 17-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулагдлаа.

Төв аймгийн ХХААГазар болон  “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, “Монголын ХАА-н хоршоологчдын холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат зэрэг албаны хүмүүс оролцов.

Төв аймаг 2.4 сая толгой малтай, мал бүхий 15 мянга, үндсэн 11 мянга 300 мянган малчинтай юм. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 2930 тонн ноос бэлтгэжээ. Ноосны урамшуулалд нийт 2,8 тэрбум төгрөг зарцуулах ёстойгоос өнгөрсөн жил 5731 малчин хамрагдаж 1,5 тэрбум буюу нийт урамшуулал хүртэх малчдын 50,3 хувь нь ноосны урамшуулалд харагджээ. Мөн энэ жилийн ноосны оргил үед кг нь 1200 хүрсэн гэж аймгийн ХХААГ-ын МААхуйн мэргэжилтэн М.Туяа хэлж байна.  
 
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтэд хоршоодын оролцоо, ЖДҮ хөгжих боломж, орон нутгийн төрийн байгууллага болон үйлдвэр, бэлтгэн нийлүүлэгчдийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар голлон хэлэлцсэн юм.
 
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хоршоогоор дамжуулан бэлтгэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрт нийлүүлэх, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, малчин, мал бүхий этгээдэд төрөөс олгож буй мөнгөн урамшуулалд бүрэн хамруулах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн  аймгийн ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж онцолсон юм. 
Т.Есүхэйтөмөр
相关新闻