Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-16 15:03:12
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт эмэгтэй хүн оролцсон гэмт хэргийн тоо 3,8 дахин өссөн талаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас гаргасан "2017 оны 5 дугаар сарын эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ"-нд дурджээ.

2017 оны эхний 5 сарын байдлаар 23 эмэгтэй хулгай болон зам тээврийн осол, залилан, бусдыг биед гэмтэл учруулах зэргээр гэмт хэрэгт үйлдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-гоор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Үүнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас тус аймагт эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 төрийн бус байгууллагын төлөөллүүдийг хамруулан “Эмэгтэйчүүдийн нийгмийн үүрэг, хариуцлага” сэдэвт  дугуй ширээний уулзалт зохион байгуулж, өнөөгийн нөхцөл, цаашид авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцсэн байна. Мөн уг уулзалтаас эмэгтэй хүн оролцсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг” ажиллуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй сэрэмжлүүлэг хүргэх, хот, суурин газруудын захын гудамж талбайд тавих хяналтыг сайжруулах, жолооны эрх олгох сургалтуудын чанарт анхаарах ажлын санал гаргаж, цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.

Аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболатаас өгсөн мэдээллээр ажилгүйдэл, хууль, эрх зүйн мэдлэгийн хангалтгүй байдал, ёс заншлын алдагдал зэрэг хүчин зүйлс эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдоход нь нөлөөлж байгаа ажээ.
Ө.Нурболат
 
相关新闻