Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулахад хоёр тэрбум юань зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-16 13:39:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай үзүүлэх зорилго бүхий БХБЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болов.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа. Энэ хүндрэлийг даван туулахад барилгын салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр өдөрлөгийн нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Бид иргэдийн эрх ашигт нийцсэн дэвшилтэт тоног төхөөрөмжийг барилгын салбарт нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл, экологид ээлтэй нар, салхины эрчим хүч, газрын дулааныг ашиглах зэргээр өндөр үр ашигтай төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх судалгааны ажлыг эхлүүлсэн. Хот суурин газруудад иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, шинээр баригдах барилгуудын инженерийн шугам, сүлжээг байгуулахад анхаарч байна. Тухайлбал амины орон сууц барихад ипотекийн зээл олгох, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэргийг нэрлэж болох юм. Энэ хүрээнд БНХАУ-ын 350 сая юаны буцалтгүй тусламжаар нийслэлд 100 айлын орон сууцны цогцолбор барих бэлтгэл ажлыг хангасан.

Мөн Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчал хийх үедээ хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авах болсон. Засгийн газар энэ хөрөнгийг зөвхөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулахад зарцуулна.Одоо судалгааны ажил явж байна. Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа туйлын чухал юм” гэв.

Маргааш буюу энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, орон сууц, нийтийн аж ахуйн салбрын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна. Өдөрлөгийн үеэр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч, шуурхай хариу өгөх, инженер, геодези, барилгын зураг төслийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, газар эзэмших, өмчлөх талаар мэдээлэл хүргэх юм. Мөн орон сууцны үнэ ханш, ипотектийн зээл, амины орон сууцны зураг төсөл боловсруулмах талаар зөвллөгөө мэдээлэл өгөх зэрэг 30 орчим төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻