Хачигт халдварын тохиолдол 4,5 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-16 12:20:58
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хачигны халдвар авсан 18 тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 4,5 дахин их үзүүлэлт бөгөөд халдвар авсан 17 хүн эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрсэн бол 1 хүн эмчлүүлж байгаа аж. Мөн өчигдөр тус аймгийн Булган сумаас хачигны халдвар авсан 5 сартай хүүхдэд хачигт энцефалит буюу тархины эдийн үрэвсэл гэсэн онош тавигдаж, биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээлэл иржээ.

Хачигт энцефалит нь хүн, амьтанд цусан дахь вирусээр дамждаг, хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг өвчин юм. Уг халдвараас вакцин хийлгэх болон эм уух зэргээр урьдчилан сэргийлэх боловч, төсөв санхүүгийн бололцооноос хамааран тус аймагт ирдэггүй байна.

Тийм учраас цаашид холбогдох байгууллагуудад хандаж, хачигт халдварын вакцин захиалах шаардлага гарч байгааг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Алтынай онцоллоо.  
Ө.Нурболат 
相关新闻