Тарган хамба Агваандондүвийн хойд дүрээр Амарбаясгалант хийдийн лам Лувсанравдан тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-14 15:28:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дахь Амарбаясгалант хийдийн лам Лувсанравданг “Тарган хамба Агваандондүв”-ийн хойд дүрээр өргөмжилж ширээнд залах ёслол  зуны эхэн сарын шинийн наймны бэлэгт сайн өдөр боллоо. Халхын домог болсон алдарт Тарган хамба Агваандондүв нь Амарбаясгалант хийдэд Олноо өргөгдсөн Монгол улсын анхны Их хамбаар түүхийн нэгэн тодорхой цаг хугацаанд шавилан сууж байжээ.
Амарбаясгалант хийдийг анх 1727 онд Манжийн хаан Энх-Амгалангийн зарлигаар анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарт зориулан бүтээсэн гэдэг.
290 гаруй жилийн түүхтэй энэ алдартай хийдээс гавьж, аграмба тэргүүтэй олон арван алдар хүндтэй лам хуврагууд тодрон гарч байсныг түүхчид болоод судлаачид онцолсон байдаг.
Харин 1911 онд Олноо өргөгдсөн Монгол Улс анх байгуулагдахад тус хийдийн олон лам хуврагууд өөр хоорондоо ярилцаж байгаад Тарган Хамба Агваандондүвийг хийдийн анхны “Их хамба”-аар өргөмжилж байсан түүхтэй ажээ. Тэрээр эрдэм чадлаараа халхад алдартай нэгэн байсныг шашин судлаачид одоо хэр нь шагшин магтдаг байна. Тэгвэл энэ алдартай том ламын хойд дүрийг тодруулах үйл явцыг анх 2014 онд Амарбаясгалант хийдийн хамба Молом тэргүүтэй лам хуврагууд санаачлан эхлүүлж, өнөөдөр ийнхүү Тарган хамбын хойд дүрээр хувилгаан гэлэн Лувсанравдан буюу Лувсан Дамчой Принлай Чойнпэлийг тодруулж, ширээнд нь залах ёслолыг үйлдлээ.
Тарган хамбын хойд дүрээр тодорч байгаа Лувсан Дамчой Принлай Чойнпэл нь хуучнаар Сэцэн Хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Тэмээт хэмээх газарт 1990 оны 8-р сарын 20-нд малчин ард Чимэддоржийн 2 дахь хүү болон мэндэлсэн түүхтэй юм. Тэрээр хүүхэд ахуй цагаасаа эхлэн шашны ном эрдэмд суралцаж улмаар сумынхаа төдийгүй аймгийнхаа хийдэд шавилан сууж байгаад 2000 онд багш нарынхаа заасан зам мөрөөр Амарбаясгалант хийдийг зорин иржээ. Түүнийг аав эжий нь хүүхэд байхын л лам хүний дүр төрхтэй дөлгөөхөн хүүхэд байсан хэмээн ярьж байлаа. Тэрээр аав ээжийнхээ нэрлэсэн Ганбаатар нэрээр төрсөн нутгийнхаа хийдэд шавилан сууж байхад нь 2000 оны эхээр Амарбаясгалант хийдэд авчирсан нь алс хэтийнх нь зам мөрийг нээх эхлэл болж өгчээ. Түүнийг анх энэ хийдэд авчирч байсан багш нарынх нь нэг өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байв. Түүнийг монголчууд “Элэгний Баатар” хэмээх алдар нэрээр нь андахгүй сайн мэдэх Монгол Улсын хүний гавьяат эмч, ”Оточ Одь” эмнэлгийн захирал П.Баатар юм. Энэхүү Тарган хамбын хойд дүрийг тодруулж, ширээнд залах хүндэтгэлийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, мөн сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлснээс гадна Улаанбаатар, Дархан-Уул, Булган, Баян-Өлгий зэрэг аймгуудийн лам хуврагууд, хувилгааны өлгий нутаг болох Дорноговь аймгийн лам нарын төлөөллүүд, сүсэгтэн олон хүрэлцэн ирж, буяны их үйлийг дэлгэрүүллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻