Хэлний шалгалтуудад сонсох даалгавар нэмэгдсэн нь энэ жилийн ЭЕШ-ийн онцлог аж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-13 22:24:04
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Энэ жилийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 1531 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Тус аймгийн тухайд ЭЕШ-аа Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 1-р сургууль дээр жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа шалгуулагчдад зориулан 36 анги танхимд нэгэн зэрэг авахаар бэлтгэл хангажээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЭЕШ-ыг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос томилогдсон хоёр төлөөлөгч ажиллах бөгөөд нэг нь багийн ахлагч, нөгөө нь сэдэв хариуцсан хүн юм. Мөн аймгийн БСУГ-аас жил бүрийн шалгалтыг зохион байгуулдаг онцогтой. Түүнчлэн МХГ-ын төлөөлөгч, шалгалт зохион байгуулагч 8 хүн, 76 хянагч багш гээд нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах юм байна. Ингээд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын математикийн сургалт хариуцсан арга зүйч Б.Нармандахаас дараах тодруулгыг авлаа. Тэрээр:”- Сэлэнгэ аймагт ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар томилогдож ирлээ. Энэ 2017 онд улсын хэмжээнд ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40388 шалгуулагч байгаа. Үүний 87 хувь нь 2017 оны шалгуулагчид буюу энэ оны төгсөгчид. Үлдэж байгаа 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна. Эдгээрийн 18435 нь эрэгтэй, 28953 нь эмэгтэй шалгуулагчид байна. Энэ жилийн нэг онцлог нь дээрх бүртгүүлсэн бүх шалгуулагчид бүгдээрээ монгол хэл, бичгийн шалгалтыг өгнө. Шалгалтаа өгсөнийхөө эцэст сургуульд элсүүлэх журмандаа оруулж тооцох эсэхийг тухайн сургуулиуд өөрсдөө мэдэх юм. Тэгэхээр тухайн сургуулийн асуудал байна гэж ойлгож болно. Мөн энэ жилийн ЭЕШ өгч байгаа хүмүүс хоёр төрлийн батламж гардан авч байгаа. Нэг нь ЭЕШ-ын батламж, нөгөө нь монгол хэл, бичгийн шалгалтын батламж. Хамгийн их шалгуулагчидтай хичээл бол математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэл, монгол хэл гэсэн дөрвөн хичээл байна. Хүүхдүүд нийт 10 төрлийн хичээлээр шалгалт өгнө. Шалгалтын ерөнхий хуваарь дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд эхний 2 өдөр шалгалтаа өгөөд гурав дахь өдрөө амарна. Тэгээд дахин хоёр өдөр өгөөд шалгалт дуусна. Хичээлүүд онцлогоосоо шалтгаалаад хугацаа нь өөр өөр байгаа. Тухайлбал математик, монгол, хэл бичиг, хими, физикийн шалгалтууд бодох зүйл ихтэй байдаг учраас үргэлжлэх хугацаа 100 минут, бусад шалгалтууд 80 минут үргэлжлэн явагдана. Энэ жилийн бас нэг өвөрмөц шинэ зүйл бол монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтанд сонсох даалгавар шинээр орсон. Энэ нь нийт онооны 10 хувийг эзэлнэ. Шалгалт өгч байгаа бүх анги танхимуудад нэгдсэн журмаар чанга яригчийг байрлуулсан байгаа. Сонсох даалгаварын үргэлжлэх хугацаа 2 минут. Нэг даалгаварыг 2 удаа сонсоод үлдсэн хугацаандаа даалгавараа гүйцэтгэнэ. Үүнийг мэргэжлийн багш нар бүрэн дүүрэн боломжтой гэж үзсэн байгаа.
Шалгуулагч шалгалтанд ирэхдээ 4 төрлийн материалыг бүрлүүлж ирнэ. Үүнд:
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Иргэний үнэмлэх
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх. Хэрвээ хүүхдүүд үнэмлэхээ гээгдүүлсэн бол нотариатаар баталгаажуулсан хуулбар буюу сургууль дээр тухайн жилийн төгсөгчдөө жагсааж бичсэн Б маягт гэж байдаг. Үүнийгээ сургуулийн тодорхойлолттой хамт авч ирнэ. Энэ нь бүрэн дунд боловсрролын гэрчилгээг орлоно гэж үздэг. Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол жолооны үнэмлэх, гадаад паспорт, ТҮЦ машины лавлагаа байж болно. Энэ жил 16 нас хүрээгүй иргэний үнэмлэх аваагүй бол сургуулийн захиргааны тамгатай баталгаажуулсан баримт, сүүлийн 3 сарын дотор авахуулсан зургаа наасан баримт бичиг, багийн Засаг даргын тодорхойлолт байж болно. Нэг зүйлийг анхааруулахад хүүхдүүд тооны машин, томьёоны хураамж, гар утсыг авч орохыг хориглоно. Металл илрүүлэгчээр шалгаж оруулна. Шалгалт авч байгаа өрөөнд гар утасны сүлжээ унагагч байрлуулсан байгаа” хэмээн мэдээлэл өглөө. 
Ч.Отгонцэцэг
相关新闻