Бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж лангууны түрээсээс чөлөөлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-13 15:30:00
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Шинээр бизнес эрхлэгчдэд ажлын байрны түрээс, тоног, төхөөрөмж худалдан авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, санхүүгийн бэрхшээл тулгардаг гэж “Эрдэнэт бизнес хөгжлийн төв”-ийн төсөлд хамрагдагсад хэлж байна.
Уг төв нь “Ахмадын төв”-д үйл ажиллагаа явуулдаг. Бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийг мэдээлээр хангах, төрийн болон төрийн бус байгууллагад холбон зуучлах, бизнесийн шинэ санаа, төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн дадлага хийлгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэндээс бэлтгэгдэж гарсан иргэд өөрсөддөө ажлын байр бий болгож өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа дээшлүүлдэг байна. Мөн тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор орон нутгийн удирдагууд 5 дугаар бичил хорооллын орон сууцны нэг давхарт “Эрдэнэтэд үйлдвэрлэв” гэсэн ажлын байр гаргаж өгсөн юм. Ингэхдээ лангууны түрээс авдаггүй ажээ. Дээрх хоёр байгууллагын үйл ажиллагаа болон ажлын байрны нөхцөл, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар танилцаж тулгамдаж буй асуудлыг нь сонсож шийдвэрлэх арга замыг эргэн мэдээлэхээр боллоо.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻