“АСПАК-2017”: Дэлхийн 51 орны 3500 залуусаар дамжуулан Монгол Улсаа сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-06-07 16:03:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад анх удаа зохиогдох “Жэй Си Ай 2017 АСПАК” буюу “Жэй Си Ай” байгууллагын Ази-Номхон далайн чуулганд дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцохоор эхнээсээ хүрэлцэн ирээд байна. 

Маргаашнаас эхлэн дөрөв хоногийн турш Улаанбаатар хотноо үргэлжлэх “АСПАК-2017” чуулга уулзалтын талаар Гадаад харилцааны яам болон Олон улсын JCI байгууллагаас өнөөдөр хамтарсан мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Чуулга уулзалтын зочдын ирэх угтах, визийн асуудал, зохион байгуулалтын асуудал зэрэг дипломат ёслолын үйл ажиллагааны чиглэлээр Засгийн газар, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үндсэндээ хурлын бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно. Нийт 51 орны 3500 зочноор дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Монгол Улсынхаа бизнес эрхлэгчдийн боломжийг нээх, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх, холбоо тогтоох, Монгол залууст дэлхийн томоохон байгууллагын төлөөлөгч залуустай хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой” гэв.

“JCI Монгол” байгууллагын 2017 оны Үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг “Бид JCI байгууллагын Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь манай улсад нэлээд олон ач холбогдолтой. JCI бол 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200 мянга гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй байгууллага. Манай Монгол Улсад 1992 онд салбар байгууллагыг бий болгосон. Өнөөдөр 13 салбар байгууллага, 800 илүү гишүүнтэй болсон. Нийт дөрвөн бүсэд болдог Чуулганы үеэр бид олон олон үндэсний байгууллагын улс орон, нийгэмдээ хийж бүтээсэн сайн сайн өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцоно. Мөн 120 улсын идэвхтэй залуусын сүлжээгээр бид Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилна. Сурталчилгааны тал дээр богино хугацаанд сайн үр дүн гарна гэж бодож байна” гэлээ.

"JCI ASPAC-2017" чуулга уулзалтын Зохион байгуулах хорооны дарга Г.Баярмагнай “Зохион байгуулалтын ажил амжилттай өрнөж байна. Энэ чуулганы үеэр ямар нэгэн зам талбай хаахгүй гэдгээрээ онцлог. Тиймээс чуулганд оролцож буй залуу манлайлагчидтай нээлттэй уулзаж, санал солилцох боломж нийслэлчүүдэд бий. Зохион байгуулалтад олон байгууллага идэвхтэй оролцож байгаад талархаж байна” гэж онцлов.



JCI байгууллагын ерөнхийлөгч Даун Хeтзэл “Манай байгууллага гишүүнчлэлийн хувьд ихэвчлэн 18-40 насны залуус байдаг. Энэхүү чуулганы гол онцлог бол JCI байгууллагын дэлхийн өнцөг булан бүрээс залуус хуран цуглаж, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцдог. Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладаг. Ази-Номхон далайн чуулган бол дөрвөн бүсэд явагддаг чуулганаас зохион байгуулалтын цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог. Ази-Номхон далай бүсийн чуулган боловч бусад бусад бүсээс ирж оролцогчдын тоо олон байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

“АСПАК-2017” чуулганы үеэр 84 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаас 27 сэдвээр хувь хүний хөгжлийн сургалтуудыг залуучуудад явуулж, сертификат олгох юм байна. Түүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ. Үүнээс хоёр нь Монгол Улстай холбоотой сэдэв юм. Тодруулбал, Улаанбаатар хотын ногоон хөгжил, Монгол Улсад бизнес эрхлэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцэнэ. Түүнчлэн “Ази-Номхон далайн бүс нутгийн хөгжил” сэдвээр зөвлөлдөх уулзалт болно. Үүнд энэ чиглэлийн судалгаа хийдэг, олон жил ажилласан хүмүүс цугларч санал бодлоо солилцоно. Эдгээр арга хэмжээний хажуугаар Ерөнхий ассамблей болно. Үүнд 1800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцоно. Мөн “JCI”-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргах юм.
Олон улсын “JCI” байгууллагын чуулга уулзалт манай улсад болсноор Монголын залуучуудын байр суурь олон улсад бэхжих чухал ач холбогдолтой. “АСПАК”-ийн нэг онцлог бол залуус, зочид очсон газартаа заавал буцаж ирж бизнес эрхэлдэг, эсвэл аялал жуулчлалаар ирдэг шинэ том гарц. Нэг үгээр Монголд бизнесийн болон аялал жуулчлалын том гарц болно. Мөн Монгол залуус олон улсын манлайлагч залуустай хамтарч  хөгжих, хамтарч ажиллах боломж, сүлжээг бий болгодог аж.

“АСПАК” арга хэмжээний хүрээнд 1800 гаруй үйл ажиллагаа төлөвлөж байгаа бөгөөд зохион байгуулахад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 200 гаруй ААН, албан байгууллага, зочид буудал, ресторантай хамтран ажиллаж байгаа аж. Олон арга хэмжээг зохиосноор Улаанбаатар хотоо дэлхийд таниулж, аж ахуй нэгжүүдийн бизнесийг дэмжих бөгөөд 3500 гаруй зочид хамгийн багадаа 15 сая.ам долларын шууд хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод үлдээнэ гэж тооцож байгаа юм.

“JCI Монгол” байгууллага

“JCI Монгол” байгууллага нь 1992 онд үүсгэн байгуулагдсан. Олон улсын арга хэмжээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, гишүүд дэлхийн “JCI” байгууллагад удирдах албан тушаал хашиж, дэлхийн нэг сая гаруй гишүүнийг манлайлахад гар бие оролцож ирсэн юм.
Хөгжлийн 26 жилийн түүхэндээ 800 гаруй гишүүнтэй болж, гишүүддээ танхимаар олгох боломжгүй манлайллын, бизнесийн зэрэг практик сургалтуудыг зохион байгуулах, гадаад болон дотоод харилцаа холбоог нь хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх орчныг бий болгож, төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа хувь хүний хөгжилд бодитой нөлөө үзүүлдэг байгууллага юм.  
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻