Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдын Хөгжлийг дэмжих төв нэг нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2017-06-07 15:13:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” төслийн хүрээнд байгуулагдсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн нэг жилийн ойн арга хэмжээ МУБИС-д өнөөдөр боллоо. 

“Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдыг дэмжих” төслийн гэрээг 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдөр МУБИС-ийн Багшийн сургууль, Нагоя их сургуулийн Хүний хөгжил, Боловсрол Судлалын хүрээлэн, Сэтгэл зүйн хөгжил, судалгааны төвүүдийн хооронд гэрээ байгуулж албан ёсоор эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд сургууль болон ангид онцгой анхаарал халамж шаардлагатай гэж үзэж буй тусгай хэрэгцээт сурагчийг илрүүлэх судалгаа хийсэн бөгөөд үр дүнтэй нь уялдуулан өнгөрөгч оны есдүгээр сарын 29-ний өдөр МУБИС, Нагоя их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан ажиллуулж байна. Уг төв нь эрдэм шинжилгээ судалгааны ажил, хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөн туслах үйлчилгээ, сургуулийн удирдлага, багш, нийгмийн ажилтнууд, оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулах, зөвлөмж гарын авлага боловсруулж түгээх гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг.



Уг төв өнөөдөр нэг жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулсан бөгөөд МУБИС-Багшийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Мандах, МУБИС-ийн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхжаргал, МУБИС-Багшийн сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын багш , доктор (Ph.D) Д.Одгэрэл, Нагоягийн Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор (Ph.D) Мацүо Сейичи нар оролцов. Энэ үеэр МУБИС-ийн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхжаргал “Энэ хавар Монголын нийгэм даяар тусгай хэрэгцээт боловсролын асуудал хөндүүр сэдэв болж яригдлаа. Одоо ч мөн адил БСШУСЯ-наас тусгай хэрэгцээт боловсролын сургуулиудын багш нарын чанарыг сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлох, тэднийг ангилалд оруулж, ангиллаар нь тусгай боловсрол олгох ажлууд бэлтгэгдээд байгаа энэ цаг үед уг төсөл нь маш чухал юм. Нагоя их сургуультай хамтарч ажиллах дараа дараачийн төслүүд ч мөн адил эхлээд байгаа” гэлээ.

Нагоя их сургуулийн ерөнхийлөгч доктор (Ph.D) Мацүо Сейичи “Тусгай хэрэгцээт боловсролын төв нь Японд ч мөн чухалд тооцогддог. МУБИС нь Монголын багш нарыг бэлтгэдэг гол сургууль. Оюутан сурагчид нь төгсөөд Монголын өнцөг булан бүрт тархан ажилладаг учир бид энэхүү төсөлдөө маш няхуур, хянамгай  хандаж байгаа. Мөн цаашид ч бас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Хоёр улсын их сургуулийн хамтын ажиллагаа, судалгаанаас урган гарч буй дүгнэлт, санаануудыг бүх шатны боловсролын агуулга, арга зүйд нэвтрүүлснээр хүүхэд бүрийн сэтгэлзүйн болон хувийн онцлогт тохирсон сургалтын үйл ажиллагааг дэмжих, хөгжихөд хувь нэмэр болно гэж төсөл хэрэгжүүлэгчид дүгнэж байлаа.

Ойн арга хэмжээний хүрээнд мөн өнөөдөр “Анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийг дэмжих арга зүй”, “Оюун ухааны сорилыг боловсролын хэрэгцээнд ашиглах нь”, “Бичих бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” гэсэн сургалтуудыг явуулж, сертификат гардуулсан юм.
 
М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр

 
相关新闻