МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-06 14:58:18
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 5 дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил 06 дугаар сарын 06-ний өдөр албан ёсоор  эхэлж  байна. Монгол Ардын намаас  нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын  сонгуульт  ажил, сурталчилгаа  албан ёсоор  эхэлж,  “ЭВТЭЙ МОНГОЛ ЭЭЛТЭЙ ТӨР”  уриан дор  06 дугаар сарын  24-ний өдөр  хүртэл  үргэлжлэхээр боллоо.
Энэ  өдөр  Ховд аймгийн  МАН-ын  сонгуулийн штаб  нэр дэвшигчийн сурталчилгааны  албан ёсны нээлтийг  аймгийн  Хөгжимт  драмын театрт  зохион  байгуулж “Эвтэй Монголын төлөө,  Хямралыг ялахын  төлөө, Иргэндээ  ээлтэй  төрийн төлөө” гэсэн уриатай сонгуульд  нэр дэвшиж  буй  нэр дэвшигч,  УИХ-ын дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын  эрхэм  зорилго,  уриа,  мөрийн  хөтөлбөрийн агууллага  зэргийг иргэдэд сонгогчдод  танилцуулсан  юм.
МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуульт ажлын нээлтэнд Ховд аймгийн МАН-ын дарга, сонгуулийн штабын дарга, Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон бусад удирдах ажилтнууд, намын гишүүд, сонгогчид,  иргэд хөдөлмөрчид  өргөнөөр оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааны  хүрээнд Тусгаар тогтнолын ордонд өрнөсөн  нэр дэвшигчийн  сонгуульт  ажлын  нээлтийн үйл ажиллагаа, дэмжигчдийн ялалтыг уухайлсан  хүндэтгэлийн үгсийг  бичлэг хэлбэрээр шууд  дамжуулан  үзүүлсэн бөгөөд намын гишүүд,  ахмад үе,  залуу  үе, Ховд их сургуулийн  оюутан  залуусын  төлөөлөл хүндэтгэлийн индэрт гарч 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын  Энхболдыг  дэмжихийг  уриалсан  юм. 
      А.Бямбасүрэн
相关新闻