М.Алтанбагана: Орчин үед сургалтын их сургууль "Судалгааны их сургууль” болон хөгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-06 08:48:25
Ховд/МОНЦАМЭ/Ховд Их Сургуулийн захирал, Доктор Мягмарсүрэнгийн Алтанбагана аавынхаа залгамж болж, жилийн хугацаанд  олон ажил санаачлан, хийж  хэрэгжүүлэн ажиллаж  яваа түүнтэй уулзаж ярилцлаа.
- Ажлын гараагаа ямар байгууллагаас  эхэлсэн бэ? Та эрдэм шинжилгээ, судалгааны салбарт  хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
- Монгол Улсын их сургуулийг физик-экологич мэргэжлээр төгсөөд МУИС-ийн Физик Электроникийн сургуулийн физикийн тэнхимд Эрдэм шинжилгээ, судалгааны  ажилтнаар ажлын гараагаа эхлүүлсэн. Түүнээс хойш эрдэм шинжилгээ, судалгааны салбарт 15 дахь жилдээ оюуны хөдөлмөр эрхэлж явна. Энэ  хугацаанд Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын харъяа Үндэсний хөгжлийн  хүрээлэнд Секторын эрхлэгчээр ажиллаж  байгаад  2016 оны 02 сард ХИС-ийн захирлаар томилогдон ирсэн.
-Та ямар сэдвээр докторын зэрэг  хамгаалсан бэ? Таны судалгаа ямар зорилготой байсан бэ?
- Би физикийн систем дээр суурилсан экологийн  эрдэм шинжилгээ, судалгааг  8-10 орчим  жил хийсний үр дүнд Тогтвортой хөгжил, экологийн чиглэлээр  докторын ажлаа  хамгаалсан. Докторын ажлыг  товчхон  хэлбэл, Дэлхийн дулаарал Монголын мал аж ахуйн салбар, газар нутагт нөлөөлөх байдал, түүнд Монгол улс цаашид яаж  дасан зохицож, эмзэг байдлаа бууруулж, тогтвортой  урт хугацаанд хөгжих  вэ?  гэдгийг  тодруулах, судалж тогтоох зорилготой байсан.
-Таны  хувьд  Ховд Их сургуулийн оюунлаг хамт олныг удирдан чиглүүлж байгаагаараа Аавынхаа  үргэлжлэл болсон гэдэг.  Энэ тухай тодруулахгүй юу?    
-Тийм ээ. Миний аав Физик-математикийн ухааны доктор Содномдаржаагийн Мягмарсүрэн гэдэг хүн байсан. ХИС-д  26 жил багш, тэнхимийн эрхлэгч, деканаар ажилласан. ХИС-ийн физикийн тэнхмийг  босгох,  лаборитори, тоног төхөөрөмж, сургалтын гарын авлагыг хийхэд олон жил хөдөлмөрлөж, сүүлийн  жилүүдэд  ХИС-ийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн деканаар ажиллаж байсан. Баруун бүс нутагт аавын минь олон шавь бий. Аавынхаа  нэр төрийг  хадгалж, сайн үргэлжлэл байх гэж хичээж  явдаг. Намайг физик-экологийн салбар луу анх  хөтөлсөн хүн бол миний аав.
Аавынхаа зааж өгсөн замаар амжилттай явж, Ховд их сургууль хэмээх 200 гаруй багш, ажилтантай оюунлаг  хамт  олноор хүрээлүүлэн  ажиллаж  байгаадаа  баяртай байдаг. Ер нь хүүхэд  нас минь  хүртэл Ховд их сургуультай  салшгүй  холбоотой. Энэ сургуулийн  номын сан, физикийн тэнхимээр  орж  багаж,  тоног  төхөөрөмжүүдтэй нь  оролдож, тоглож  өссөн.
-Ховд их сургуулийн хувьд хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг шинээр  боловсруулсан  тухай сонссон.  Уг стратегийн гол үзэл санааг нь томъёолохгүй  юу?
- Хууль журмын дагуу их сургууль бүр хөгжлийн үзэл санаа бүхий стратеги төлөвлөгөөтэй байх  ёстой. ХИС-ийн  2008 онд боловсруулсан стратеги  нь 2015 онд дууссан. Өнгөрсөн  хугацаанд ХИС-ийн нийт  багш нарын 18 орчим хувийг хамруулаад ажлын хэсэг гарган сургуулийнхаа хөгжлийн стратеги төлөвлөгөөг шинээр боловсруулаад, багш нарын болон эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Одоо удирдах зөвлөлд өргөн барьж батлуулахад бэлэн болсон байна.
Энэ стратегийн гол үзэл санааг томъёолбол, Нэгдүгээрт, Судалгааны их сургууль болох. ХИС одоогоор сургалт, судалгааны түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Бид судалгааны их сургууль болох үүднээс багш, оюутнуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг илүү их дэмжих, судалгаанд шаардлагатай лабораторийг  байгуулж,  тоног төхөөрөмжийг  тавьж өгөх, багш нарын судалгааны кредит  цагийг  сунгах, багш нараа судалгаа хийх боломж нөхцлөөр хангахад анхаарсан дунд хугацааны  төлөвлөлт хийсэн.
Хоёрдугаарт, Тогтвортой хөгжлийн  үзэл баримтлал бүхий их сургууль болох. Тэгэхээр 2015 онд НҮБ, гишүүн орнуудын төлөөлөл хуралдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тус хуралд оролцсон байдаг. Хурлын үеэр дэлхийн хэмжээнд хөгжлийн үзэл санаа нь Мянганы хөгжлийн үзэл санаанаас Тогтвортой хөгжлийн үзэл санаанд шилжсэн. Түүнийг дагаад 2016 оны 02 сард УИХ-аас  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг  баталсан байдаг. Ингээд хөгжлийн үзэл санаа нь тогтвортой  хөгжлийн үзэл санаанд тулгуурлах болсноор ХИС үүнийг сургалт, эрдэм шинжилгээ, аж ахуйн үйл ажиллагаанд шингээсэн.
Жишээлбэл, Багшийн хөтөлбөр, экологи, газар зүй, байгаль орчинтой холбогдсон хөтөлбөрүүдэд НҮБ-аар батлагдсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 17 зорилт, 169 дэд зорилтыг уялдуулан Ховд, Увс, Баян-Өлгий гэх мэт баруун бүсийн аймгууд  хэрхэн, яаж  хэрэгжүүлэх талаар суурь судалгааг нь хийж, арга замыг нь тодорхойлох байдлаар судалгааны тогтвортой хөгжлийг хангах, тэгээд  байгууллагын дулаан, гэрэл цахилгааны хэмнэлт зэргийг аж ахуйн түвшинд төлөвлөлтөнд шингээж өгсөн юм. Ингэснээр ХИС 5 жилийн дараа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий их сургууль гэдгээ олон нийтэд  бүрэн зарлах боломж нээгдэнэ.
Гуравдугаарт, Бүс  нутгийн хөгжилд  ямар үүрэгтэй сургууль байх талаар нэлээд өргөн зорилтот ажлыг  төлөвлөсөн.
Дөрөвдүгээрт,Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг чухалчилсан. Орчин үеийн их дээд сургуулиудын  хөгжлийн  түвшинг  тодорхойлдог  нэг чухал зүйл нь  төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт өндөр байх. Ховд их сургууль  баруун бүсдээ эрэлт  хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ангийг нээх, оюутнуудыг  татан оролцуулах, төгсөгчдөд мэргэжлийн ёс зүй, ажлын байрны шалгуурыг хангах, ажил хийх арга барилыг эзэмшүүлэх зэрэгт онцгой анхаарч, бүс нутгийн ажил олгогчдын холбоо, бизнес эрхлэгч байгууллага, томоохон хөрөнгө оруулагч компаниудтай уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хөдөлмөр зуучлалын үйл ажиллагаа явуулах гэх мэт олон ажлыг санаачилсан. Үүнээс гадна манай сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байгааг тогтоох зорилготой мөшгих судалгааг бодитоор хийх гэж байна.
Тавдугаарт, Сургуулийн дотоод чанарын баталгаажилт буюу дотоод эмх цэгцийн хүрээнд нэлээн олон зүйлийг төлөвлөлтөнд шингээж, шийдэж өгсөн. Үүнийг хийхдээ  чанарын тогтолцооны ISO стандартуудыг харгалзан сургуулийн үйл ажиллагаа маш тодорхой, нээлттэй, хүнд сурталгүй байхыг онцолсон байдаг. Эдгээр 5 үзэл баримтлал, зорилтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд амжилтанд  хүрэх боломжтой.
-ХИС  баруун бүсийн  боловсрол, соёл, шинжлэх ухааны  төв хэмээгддэг. Тиймээс баруун бүсийн хөгжил, дэвшилд үүрэг  хүлээх  ёстой.  Энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
-Олон ажлыг төлөвлөж хийж байна. Төлөвлөсөн ажлууд бүгд гарын алга эргүүлэхтэй адил хурдан хугацаанд биеллээ олох боломжгүй. Тодорхой цаг  хугацаа шаардлагатай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  хийсэн  ажлынхаа зарим нэгээс нь дурдъя. 
Ховд Их Сургууль 1979 онд байгуулагдаж  38  дахь жилдээ сургалт  эрдэм шинжилгээний  үйл ажиллагаа  явуулж байна. ХИС-ийг анх байгуулахад тухайн үеийн сайд нарын зөвлөлөөс “Баруун бүс нутгийн багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх” гэсэн тодотголтой байгуулсан байдаг. Энэхүү үүргийг бид өнгөрсөн хугацаанд давуулан биелүүлсэн гэж үзэж болно. Учир нь баруун бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, их дээд сургуульд багшаар ажиллаж буй боловсон хүчнүүд нь тус сургуулийг төгссөн чадвартай, туршлагатай багш нар байдаг. Одоо баруун бүс нутагт  багшийн мэргэжилтэй боловсон хүчин илүүдэлтэй байгаа ч багш мэргэжлийн  эрэлт хэрэгцээ тасрахгүй. 
Нөгөө талаасаа ХИС баруун бүс нутгийн их сургууль учраас дотоод эрдэм шинжилгээ,  сургалтын  үйл  ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бүсийн хөгжилд дэвшил авч ирсэн хэд хэдэн ажлыг хийлээ. Тодруулбал, Ховд их сургуулийн дэргэд “Баруун бүсийн  тогтвортой  хөгжлийн  хүрээлэн”-г  байгууллаа. Мөн ХИС-ийн 16 тэнхмийг 11 судлалын тэнхим болгон хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Цахилгааны инженер, Барилгын инженер, Уул уурхай ашиглалтын технологи гэсэн ангиудыг  шинээр нээгээд байна.
-Ховд их сургуулийн дэргэдэх “Баруун бүс  нутгийн  тогтвортой  хөгжлийн хүрээлэн” чухам ямар үйл ажиллагаа явуулдаг  вэ? 
- Залуу багш, судлаачид, оюутнууд,  магистр, докторын ангийн суралцагчдыг эрдэм шинжилгээний ажилд  татан оролцуулах, бүсийн хөгжилд  хувь нэмрээ оруулах  зорилготой  тус  хүрээлэнд баруун бүсийн  төр захиргааны байгууллагууд  тогтвортой  хөгжлийн чиг хандлагаар хөгжихөд  зориулагдсан  суурь судалгаа, бодлогын судалгаа, хавсарсан судалгаануудыг амжилттай хийж ажиллаж байгаа. Хүрээлэнгийн судлаачид Австралийн Сидней их сургууль, Дэлхийн байгаль хамгаалах сан, Японы олон улсын байгууллагуудтай  хамтарсан  3-4 төслийг  одоо хэрэгжүүлж  байна.
- ХИС хөгжлийн бодлогоороо олон чухал зорилтуудыг дэвшүүлсэн байна. 16 тэнхмийг 11 судлалын  тэнхим болгосон. Ингэснээр Сургалт,  судалгааны чанарт  ямар өөрчлөлт, дэвшил гарах боломжтой вэ?
- Орчин  үеийн  их  сургуулиуд  сургалтын их  сургуулиас  “Судалгааны их сургууль”  болж  хөгжиж байна. Тэгэхээр манай сургууль энэ чиглэлд анхаарч, тэнхмийн хамрах хүрээг тэлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл боломжийг өргөтгөсөн. Жишээлбэл, Хятад хэлний тэнхмийг Ази судлалын тэнхим, Европ  хэлний тэнхмийг Европ судлалын тэнхим болгосон. Ер нь Судлалын гэдэг  үгний цаана гадаадын орны хэл, түүх, соёл, эдийн засаг гэх мэт нийгмийн бүхий л хамрах хүрээг судлах боломж нээгдэж байгаа юм.
-Баруун  бүс нутагт  инженер  мэргэжлийн эрэлт хэрэгцээ  ямар түвшинд байгаа вэ?  Шинэ ангийн мэргэжлийн багш нарыг  хэрхэн чадавхижуулж байна вэ? Цаашдын  төлөвлөлтөөс  хуваалцахгүй юу?
- Бүс нутагт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг Ховд их сургууль тухайн цаг үед нь нийлүүлэх  үүрэгтэй. Тиймээс бүсийн дунд болон урт хугацааны томоохон хөгжлийн хөтөлбөр, Засгийн Газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэрэгт баруун бүс нутагт  ямар  үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг судалж үзээд түүнтэй уялдсан шинэ инженер, техникийн мэргэжилтэн, боловсон  хүчнийг  бэлтгэн гаргах  зорилгоор физикийн тэнхимийг  Физик-инженерчлэлийн тэнхим болгон барилгын болон цахилгааны инженерийн ангийг нээж, элсэлт авсан.
Шинэ ангиудад хичээл заах мэргэжлийн багш нарыг Улаанбаатар хотод сургах, дахин мэргэшүүлэх ШУТИС-ийн Инженерийн ангийг төгсөж буй Ховдын гаралтай  чадварлаг  боловсон  хүчнийг сургуульдаа урьж ажиллуулах зэрэг олон боломжит хувилбаруудыг бид үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Цаашид сэргээгдэх  эрчим  хүчний  ангийг ХИС  нээх  ёстой.  Учир нь Монголын томоохон сэргээгдэх  эрчим хүчний станцуудыг газрын зураг дээр тавиад  үзэхээр Баянхонгор аймгаас наашаа баруун бүсийн  газар нутгийг  хамарсан байдаг. Жишээбэл, Дөргөний усан цахилгаан станц, Эрдэнэбүрэн суманд шинэ усан цахилгаан станц баригдах гэж байна.  Мянгад суманд 10 мвт-ын  нарны эрчим  хүчээр  ажиллах  цахилгаан  станц баригдана. Үүнээс гадна бүс нутгийн  эдийн засгийн бодлого, зам дагасан тээвэр, олон улсын худалдаа, Торгоны замын Алтайн бүсийн эдийн засгийн  хамтын ажиллагааны  судалгаа  хийж, цаашлаад  эдийн засгийн анги, судалгааны төв нээх тухай төлөвлөлтүүд ч байна.
- Сургалтын их сургуулиас “Судалгааны их сургууль” болох зорилтоо хэрэгжүүлэхэд боловсон  хүчний мэдлэг, ур чадвар чухал. Залуу багш нарын судалгааны ажлыг  хэрхэн дэмждэг вэ?
- Манай багш нарын 70 гаруй хувь нь 39-өөс доош насны залуу багш нар байдаг. Эдгээр залуу боловсон  хүчнийг хөгжүүлэхэд онцгой анхаарч олон улсын магадлан итгэмжлэл бүхий сэтгүүлүүдэд өгүүллэгээ хэрхэн хэвлүүлэх, судалгааны  ажил бичих,  статистик  боловсруулалтын магадлалын онол ашиглах, арга зүйг хэрхэн босгох талаар төрөлжүүлсэн цогц сургалтанд хамруулсан. Мөн ХИС-ийн 40 орчим багш докторантурт суралцаж байна. Тэдгээр багш нарт оюутны өвлийн амралтын үеэр цалингийн чөлөө олгоод, унааны зардлыг сургуулиас гарган Улаанбаатар хотод судалгааны чиглэлээр удирдагч багштайгаа уулзах, номын санд суух, судалгаатай холбогдсон эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж  судалгаагаа  өргөжүүлэх  зэрэгт  бодит  дэмжлэг үзүүллээ. Үүнд залуу багш нар их  талархалтай байдаг.
- 2016 оноос хойш тус сургуульд 20 гаруй тэтгэлэг зарлагдсан тухай тоо баримт байна. Сургуулийн гадаад  харилцаа  хэрхэн хөгжиж байна вэ?  
- Ховд Их Сургууль багш, ажилтан, оюутныг  гадаадад урт, богино, түр хугацаанд суралцуулах, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрийг олон жил явуулсаар ирсэн. Би ажил аваад 20 гаруй тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Түүний 8 нь докторын тэтгэлэгт хөтөлбөр байсан. Өнгөрсөн хугацаанд миний баримталсан бодлогын нэг нь яг одоогийн эрэлт хэрэгцээнд тохирсон, сургуулийн бодлоготой уялдсан зорилтот  чиглэлүүдийг барьж  багш нараа сургах, мэргэшүүлэх явдал. Би тэтгэлэгт  хөтөлбөрүүдийг сонгон авахдаа өөрөө очиж уулзан, “Манай сургуулийн хэрэгцээ ийм байна. Та бүхэн энэ хэрэгцээнд үндэслэсэн тэтгэлэгт хөтөлбөр зарлана уу” гэсэн хүсэлт гаргадаг. Тэгэхгүй бол сургуулийн үйл ажиллагаа, бодлоготой уялдсан  эсвэл  уялдаагүй гээд л эмх цэгцгүй хөтөлбөрүүд ирнэ шүү дээ...
-Та зоримог хүсэлтэй залуу үеийн  төлөөлөл. Тэгэхээр амжилтыг бий болгоход юу нөлөөлдөг  гэж боддог вэ?  Бэрхшээлийг  юу гэж хардаг вэ?
 -Би ажил хийгээд үр дүн гаргахад хоёр зүйл чухал гэж боддог. Нэгдүгээрт  сэтгэл, хоёрдугаарт, сэтгэлийг дагасан хөдөлмөр. Сэтгэл байгаад хөл хөдлөхгүй бол ажил урагшлахгүй, сэтгэл байхгүй хөдөлмөрлөөд ямар ч нэмэргүй. Тэгэхээр сэтгэл, хөдөлмөр хоёр хоршин нэгдсэнээр бүтээлч үр дүн, амжилт бий болдог.
Би өнгөрсөн нэг жилийн  хугацаанд  ХИС-ийг  удирдахдаа  сэтгэл, хөдөлмөр хоёроо их  зориулсан. Энэ сайхан хамт олноо түшин, хийж бүтээх ирмүүн зорилтуудаа биелүүлэхээр ажиллаж яваадаа баяртай байна. Ер нь ажил өрнөх явцад  бэрхшээл ямагт  байдаг. Орчин үеийн судалгааны салбарт  нөхөн сэргэх, сэргэн хөгжих  гэсэн утга  агуулгатай онол байдаг.  Тэрхүү онол нь “Аливаа амьд систем, амьд махбодь тодорхой түвшинд хөгжиж яваад эрсдэлтэй тулгарна. Доошоо унаж болно. Гэхдээ эргээд сэргэх ёстой. Эргээд сэргэхдээ эхний түвшиндээ сэхээд гараад ирж болно. Эсвэл  түүнээс дээш ахисан түвшинд хүрэх  боломжтой” хэмээн үздэг. Тэгэхээр хүнд  асуудал  болгоныг тоочоод, болохгүй мэтээр хараад суугаад байвал  хөгжихгүй, дэвшихгүй.  Хүн бүр бэрхшээлийг даван туулах зоримог  эрмэлзэл, хүчтэй байх ёстой гэж  хардаг.
-Тэгвэл  залуусын хандлагад нөлөөлөх  зөв мэссежийг илгээхгүй юу? 
-Залуу  нас гэдэг ихийг  хийж бүтээх  чин хүсэл бүхний  эхлэл юм. Хөдөлмөр хүнийг  бий болгодог  учраас залуус маань яг хийж бүтээх энэ насандаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Залуу насандаа хөдөлмөрлөөгүй бол, асуудлуудаас  зугтаж,  болгоомжилж, тойроод яваад байвал  магадгүй  та идэр ба идрээс  дээш насандаа хөдөлмөрлөх шаардлага гарна шүү. Тэр үед хөдөлмөр таниас илүү их сэтгэлийн хүч, чадварыг  шаардаж  биеийн зовлон  болох  магадлалтай. Тиймээс  та яг одоо залуу байгаа дээрээ идэвхитэй ажиллаж, сэтгэж, санаачилж сайхан ирээдүйгээ  өөрийн гараар бий болгоорой гэж  уриалмаар байна.  Би Монгол Улсын иргэн бүр  улсынхаа хөгжилд  хувь нэмэр оруулдаг байгаасай гэж хүсдэг. Залуучуудад  хандан хэлэхэд,  чин зорилготой,  эх оронч сэтгэлгээтэй байх  хэрэгтэй.  Ялангуяа эх оронч сэтгэлгээ хамгийн чухал. Өөртөө зорилго, мөрөөдлийг  бий болгож, түүнд  хүрхийн  тулд  арга замуудыг нь төлөвлөж, суралцсан мэдлэг, ур чадвар, цаг хугацааг  зөвөөр бүрэн ашиглаарай.
А.Бямбасүрэн
相关新闻