Шилэн дансны хөтлөлт хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-05 13:28:35
Дундговь/МОНЦАМЭ/ Шилэн дансны хөтлөлт хангалтгүй байгаад дор бүрнээ анхаарал хандуулж ажиллахыг аймгийн Засаг дарга холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Улс орон нутгийн төсөв болон өмч хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх нь энэ хуулийн зорилт болдог.
Хууль хэрэгжээд гурван жил шахам хугацаа өнгөрч байгаа боловч Дундговь аймгийн хувьд шилэн дансны хөтлөлт хангалтгүй байгаа талаар нэг бус удаа аймгийн Засаг дарга сануулга авч байсан. Энэ удаад ч мөн шилэн дансны хөтлөлт 50 хүрэхгүй хувьтай, хангалтгүй байгаа талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна.
Иймээс шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдээллийг цахимд байршуулах талаар холбогдох алба хаагчил дор бүрнээ анхаарал хандуулахыг Засаг дарга ийнхүү үүрэг болгожээ. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй холбогдох алба хаагчид хариуцлага ногдуулна гэв.
Уг хуулиар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээ,ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хууль тогтоомж гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч нар төсөв, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилтээ тайлагнан мэдээлж байх үүрэгтэй юм.
 
Т. Отгонтуяа  
相关新闻