Уран хөдөлгөөнт гимнастикийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-04 17:31:16
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт болсон “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 24 цэцэрлэгийн 300 гаруй цэцэрлэгийн хүүхдүүд оролцов.

Хүүхэд багачууд тэмцээний нээлтийн үеэр нэгэн зэрэг “Заавал хийх дасгал”-ыг хийж гүйцэтгэсэн нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээж байв. Уг дасгалыг нэгэн зэрэг 3000 хүүхэд хийж гүйцэтгэх боломжтой гэдгийг тэмцээний Ерөнхий шүүгч Б.Ерөөлбат тодотгосон юм.

БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн хэлэхдээ “Бага насны хүүхдийн бие бялдрыг тэмцээнээр дамжуулан хөгжүүлэх, багаар ажиллах чадвартай, эрүүл чийрэг болж төлөвшихөд нь тусалдаг” хэмээв.

Төв аймгийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан цэцэрлэгийн хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг Төв аймгийн Жаргалант сумын “Өгөөмөр” цэцэрлэг шалгарч үеийн хүүхдүүдийг манлайлав. Зуунмод сумын “Сувилгаа чийрэгжүүлэлт”-ийн цэцэрлэг дэд байрыг шалгарсан бол шагналт гуравдугаар байрыг Угтаалцайдам сумын цэцэрлэг тус тус хүртэж өргөмжлөл мөнгөн шагналын эздээр тодров.

Хүүхдүүд аливаа зүйлд анхаарлаа удаан тогтвортой төвлөрүүлэх, багаар ажиллах чадварт сурахаас гадна тэсвэр, хатуужилтай болоход “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн ач холбогдол оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид тэмцээний төгсгөлд онцолж байсан юм.
 

Т.Есүхэйтөмөр

相关新闻