Гадаадын жуулчдад үйлчлэх хөтөч нарыг бэлтгэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар/*МОНЦАМЭ/ Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газартай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтанд 300 гаруй залуусыг хамруулжээ.
Таван өдрийн үнэ төлбөргүй тус сургалтаар дээрх залуус жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийн мэргэжлийн арга зүйтэй танилцсан байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярихдаа, “Жуулчны хөтөч, тайлбарлагчийн сургалтад хамрагдсан залуус эх орныхоо соёлын дурсгалт газруудын талаар өргөн мэдлэгтэй болохоос гадна хувь хүний хөгжилд хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг авлаа. Түүнчлэн сургалтад хамрагдсанаар хөтөч /Guide/-ийн талаар мэдлэгтэй болж, эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголт, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, эрүүл ахуй, ариун цэврийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох зэрэг олон талын ойлголттой болсон" хэмээн онцлов.
Сургалтад хамрагдсан залууст нийслэлийн Аялал жуучлалын газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамтарсан батламж олгосон байна.
Б.Заяа