Эрчим хүчний асуудлаар тодорхой шийдэлд хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-06-02 19:30:52
Санкт-Петербург /МОНЦАМЭ/ ОХУ-ын Санкт-Петербург хотноо Эдийн засгийн Олон улсын чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаан болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр  ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворкович бараалхан хоёр улсын хамтын ажиллагааны олон талт асуудал болох эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОХУ-ын талаас Эрчим хүчний сайд А.В.Новак, Тээврийн сайд М.Ю.Соколов нар байлцав.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах,  талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт барих усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, техникийн шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр талууд  тодорхой шийдэлд хүрлээ. Тодруулбал эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсгийг  байгуулахаар болов.  Улмаар Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай байгаагаа нотоллоо.

Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийлсэн бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт  нэмэгдэнэ. Улмаар "УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн чадавхийг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворкович онцолсон юм.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд манай хоёр улсын зүгээс байр суурь нэгдсэн бас нэгэн чухал асуудал бол Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. ОХУ-ын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжтайгаар Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд өгөх 4.2 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэх, мөн энэ салбарын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. 

Мөн хоёр улсын ойн санг хамгаалах чиглэлээр харилцан ярилцаж, Монгол орны шилмүүст ойд ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх Оросын ойчдын технологийг Монгол Улсад дамжуулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцсон юм. 

Эл уулзалтын дараа нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнд  Москва хотын дарга С.С.Собянин бараалхав.
Түүнчлэн өнөө орой Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзалт хийх юм.
/Санкт-Петербург хот/  Л.Батбаяр
相关新闻