Афганистанд эсэргүүцлээ илэрхийлэгчдийг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-06-02 18:38:55
КАБУЛ. /ВВС/. Энэ долоо хоногийн лхагва гарагт Афганистаны нийслэл Кабул хотод олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсонтой холбогдуулан засгийн газраа огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийж байсан хүмүүс рүү цагдаа нар гал нээсний улмаас наад зах нь таван хүн амиа алджээ. 

Дэлбэрэлт болсон газарт хүмүүс өнөөдөр жагсаал хийж, засгийн газар болон “Талибан” бүлэглэлийн эсрэг уриа хашгирч байжээ. Жагсаалд 1000 гаруй хүн оролцсон аж. Засгийн газар аюулгүй байдлыг бэхжүүлэх дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас энгийн номхон иргэд олноороо амиа алдсаар байна гэж жагсаалыг зохион байгуулагчид хэлжээ.

Жагсагчдыг ерөнхийлөгчийн ордон руу нэвтрүүлэхгүйн тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар шүршсэн байна.



Уржигдрын дэлбэрэлтийн үеэр 90 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн шархадсан билээ. Энэ нь Кабулд сүүлийн жилүүдэд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн дэлбэрэлтүүдийн нэг юм.

Өнөөдөр болсон жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн нэг нь тус улсын алдартай улстөрчийн хүү гэсэн мэдээлэл байна.

Одоогоор, лхагва гарагийн халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна. Гэхдээ Афганистаны тагнуулын албаны хүмүүс "лалын босогчдын “Талибан” бүлэглэлтэй холбоотой “Хаккани” хэмээх бүлэглэл Пакистаны дэмжлэгтэйгээр уг халдлагыг үйлдсэн байж магадгүй" гэж үзэж байна.

Харин Пакистаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Афганистаны талын мэдэгдлийг “ор үндэслэлгүй гүтгэлэг” гэж тодорхойлсон юм.
 
Энэ халдлагатай ямар ч холбоогүй гэдгээ “Талибан” мэдэгдээд байна. Харин сүүлийн саруудад Афганистаны зүүн нутагт нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байгаа “Лалын улс” бүлэглэл хараахан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
 
АНУ-ын 8400 орчим цэрэг, НАТО-гийн холбоотнуудын 5000 цэрэг Афганистанд байгаа билээ.

“Талибан” бүлэглэлийг дарахын тулд Афганистан руу хэдэн мянган цэргийг буцааж илгээхийг Пентагон Ерөнхийлөгч Д.Трампаас хүссэн гэх мэдээлэл байна. Одоо Афганистаны нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг гаруй хувь нь босогчдын хяналтад байгаа аж.
Г.Доржханд
相关新闻