Хүүхэд залуус тохилог орчинд спортоор хичээллэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-06-02 16:27:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангадаг.

Тус цогцолборын биеийн тамирын заалыг анх 2008 онд ашиглалтад оруулснаас хойш засвар хийгээгүй бөгөөд дээврээс нь бороо цасны ус гоожин хана таазыг нь хөгцрүүлэн мөөгөнцөртүүлж, өвлийн цагт хүйтэн, гэрэлтүүлэг муутай, тохигүй орчинд хүүхэд залуус  спортоор хичээллэж байв.

Харин ХБНГУ-аас Монголд суугаа ЭСЯ-нд дээрх байдлаа танилцуулан төсөл боловсруулан хүсэлт тавьсны хүрээнд буцалтгүй тусламжаар заалыг иж бүрэн засч, ширээний теннис, бильярдын ширээ бүхий байр гарган тохижуулсныг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

Нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр нарын албаны хүмүүс оролцов.

 Энэ үеэр хүүхэд залуус бэсрэг урлагийн тоглолтоо толилуулсан юм.

Их засварын болон өргөтгөлийн барилгын ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан аж ахуйн ажилчид мөн залуучуудын төвийн мужаан болон барилгын мэргэжлийн багш, суралцагсад хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэжээ. Дотоод нөөц бололцоогоо дайчилснаар зардал хэмнээд зогсохгүй мужаан болон барилгын мэргэжлээр суралцагсад дадлага болсон байна.  Ийнхүү хүүхэд заулуус тохилог, дулаан, гэрэл гэгээтэй зааланд спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломж бүрджээ.


 
相关新闻