Эх хэл бичгээ дээдлэх хагас жилийн аян өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-02 15:08:01
Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын ивээл дор “Монгол хэл бичгээ дээдлье” аян өнөөдөр эхэлж байна. Төрийн албан хаагчид болон иргэд олон ниитийн эх хэл, бичгийн боловсролыг ахиулж,үндэсний бичгээ бүх нийтээр сурч, түгээн дэлгэрүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих, идэвхи оролцоог өрнүүлснээр  Монгол хэлний тухай хуульд тусгаад байгаа 2025 оноос төрийн харилцаанд үндэсний бичгээ хэрэглэж эхлэх бэлтгэлийг хангахад энэхүү аяны зорилгыг чиглүүлжээ.
Аян хагас жил хэртэй  үргэлжилнэ. Энэ хугацаанд хэд хэдэн ажлыг төлөвлөсөнийг тодруулбал, төрийн албан хаагчдаас эх хэл бичгийн сорилгыг 2 үе шаттай авч, “Хос бичигтэн” аймгийн уралдаан, эссэ бичлэг, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын удирдах албан тушаалтанд “Хэл бичиг, найруулга зүйн хэрэглээ” зэрэг сургалтыг зохион байгуулна. Мөн Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хаягийг кирилл, монгол бичгээр хослуулан бичиж байршуулах “Хаягжуулалт” бүтээлч ажлыг өрнүүлэх ажээ.
Уг аянд төрийн албан хаагчид идэвхи өндөртэй оролцох үүрэг хүлээж байна. ЕБС- ын монголхэл бичгийн багш нар аяны хугацаанд зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож, төрийн албан хаагч, иргэдийг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах юм байна.
Аяны эхний ажил бол төрийн албан хаагчдаас авах эх хэл бичгийн сорилго бөгөөд эхний сорилгыг энэ сарын 6- ны өдөр товлосон байна. Сорилгыг хэлний бодлогын салбар зөвлөл, монгол хэл бичгийн мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй авна. Үүний араас сургалтуудыг зохион байгуулах бөгөөд сургалтуудын үр дүн болгож 2 дахь сорилгыг 11 дүгээр сарын 26- нд авахаар товложээ.
“Монгол хэл бичгээ дээдлье” аяныг аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.
 
Т. Отгонтуяа  
相关新闻