Сэлэнгэ аймаг байгалийн баялгаараа хуримтлал үүсгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-01 22:30:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хуваарилах, ирээдүйд хуримтлал үүсгэн ажиллуулах саналыг аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүллээ.
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн 100 хувь дэмжлээ. Тус саналын гол зорилго нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах замаар аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын болон байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, хуваарилах, ирээдүйд хуримтлал үүсгэн ажиллуулах, гадаад дотоод харилцаа, борлуулалтад дэмжлэг үзүүлэх явдал юм. Ингээд тус санал дэмжигдэн Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ-баялаг ирээдүй” нэртэй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэлээ. 
Тус газар нь Сэлэнгэ аймагт гадаад дотоод худалдаа, уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр сургалт сурталчилгаа явуулахаас гадна зөвлөн туслах үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.  
Ч.Отгонцэцэг
 
相关新闻