“Дэлгэрхангай” супермаркет 20 гаруй ажлын байр шинээр бий болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-01 20:03:12
Дундговь/МОНЦАМЭ/ Олон жилийн турш ашиглагдахгүй байсан барилгыг худалдаа үйлчилгээний тохилог орчин болгож засварласнаар Мандалговь хотод томоохон супермаркет үүдээ нээгээд байна. “Бүтээгдэхүүний илүү өргөн сонголтыг эндээс хийж болохоор, бас өдөр бүр шинэ бүтээгдэхүүн ирдэг нь яг л Улаанбаатарт байгаа юм шиг, тийм сэтгэгдэл төрж байна” гэж шинэ супермаркетаар үйлчлүүлсэн иргэд сэтгэгдэл хуваалцсан юм.
1983 онд 100 хүний багтаамжтай гуанзны зориулалтаар энэ барилгыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Зориулалтын дагуу ажиллаж байгаад 1990- ээд оны эхээр үүдээ хааж, хэд хэдэн хүний дундын өмч болж хувьчлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг барилга ашиглагдаж чадахгүй байсаар ирсэн юм. Энэ барилгыг Сайнцагаан сумын “Тэвш 9 эрдэнэ” ХХК өмчлөгч иргэдээс нь худалдан авч, багагүй хугацаанд засвар тохижилт хийснээр “Дэлгэрхангай” супермаркетыг ийнхүү нээлээ.
“Дэлгэрхангай” гэж урьд ажиллаж байсан рестораны нэр бөгөөд энэ нэрийг хэвээр нь хадгалж шинэ супермаркетыг  ингэж нэрлэсэн байна. Олон жил цоожтой байсан, Мандалговийн төвд байршилтай энэ барилгыг ийнхүү эргэлтэд оруулахын тулд хагас тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж “Тэвш 9 эрдэнэ” ХХК- ийн захирал Б. Даваадамдин ярилаа.
Засвар хийхийн тулд Улсын төв архиваас уг барилгын анхны зургийг олж, өөр аймагт яг энэ зураг төслөөр барьж ашиглалтад оруулж байсан барилгуудыг очиж үзэж байж дотор заслыг хэрхэн яаж өөрчлөхийг шийдсэн. Эхний удаад нэг давхарыг нь супермаркет болголоо. Цаашид хоёрдугаар давхарыг орон нутгийнхаа зах зээлийг судалж байгаад хүнс үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зорилготой байгаа гэлээ.
 
“Тэвш 9 эрдэнэ” ХХК- ийг 2006 онд түүний аав Л.Батцагаан үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжсон, орон нутгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж болж чадсан юм. Компанийн захирал Б. Даваадамдин ах Б. Дамдингийн хамтаар компанийнхаа үйл ажиллагааг ийнхүү өргөжүүлж байгаа бөгөөд “Дэлгэрхангай” супермаркетыг ашиглалтад оруулснаар орон нутагт 20 гаруй ажлын байр шинээр бий болгож байна.
 
Т. Отгонтуяа
 

 
相关新闻