Монголын боксын холбоо хандивын аянд нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбоо /МБХ/-ноос Хүндийн өргөлтийн дэлхийн Оюутны аварга, дэлхийн Залуучуудын аварга, Ази тивийн аварга ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнийн эмчилгээний зардалд 1 сая төгрөг хандивлав.
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн уг хандивыг гардуулахдаа, Хурдан эдгэрээд эгч шигээ сайн тамирчин болоорой. Сайн үйлс дэлгэрэх болтугай хэмээн хамт олныхоо өмнөөс ерөөв.
Дашрамд сонирхуулахад, МБХ ирэх сард "Улаанбаатарын цом" олон улсын тэмцээнд бэлдэж байгаа юм. Энэ тэмцээнд 12-13 орны тамирчид урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд Хандгайт дахь спорт зааланд тэмцээн болно. Мөн Н.Назарбаевийн нэрэмжит тэмцээнд шигшээ багийн залуу тамирчид ирэх сарын 1-13-нд өрсөлдөхөөр хилийн чанадыг зорино.
Д.Өлзий