“Сэлэнгэ орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-30 14:24:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэд “Сэлэнгэ орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгууллаа.
Тус “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГазар нь Сэлэнгэ аймгийн хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн өмнөөс аймгийн нутаг дэвсгэрт орон сууц бариулах ажлыг зохион байгуулах юм. Мөн гадаад дотоодын компани, аж ахуйн нэгж, байгууллагатай орон сууц, үл хөдлөх хөрөнгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл, хөтөлбөрийн барилгын санхүүжилтэд зээл олгох, буцаан төлүүлэх асуудлыг эрхлэх аж. Түүнчлэн залуу гэр бүл болон төрийн албан хаагчдад чиглэсэн орон сууцны менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм.
Энэхүү үйлдвэрийн газар нь Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Сэлэнгэ орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэд, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгуулагдаж байгаа аж.  Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх “Сэлэнгэ орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь энэ сарын 25-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар ийнхүү хэлэлцэн батлагдсан юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻