Энхийг сахиулагчдын өдрөөр дөрвөн иргэн гэрээт цэргийн албан хаагч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-30 09:17:53
Ховд/МОНЦАМЭ/Өчигдөр Олон улсын энхийг сахиулагчдын баярын өдөр болж, Монгол Улсын энхийг  сахиулах үйл ажиллагаанд оролцсоны 15 жилийн ойн баяр тохиов. Энэ өдөр Ховд аймгийн Зэвсэгт Хүчний 123 дугаар анги, Цэргийн штаб хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Төв талбайд зохион байгууллаа. 
Өдөрлөгийн нээлтэд Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль зүйн  хэлтэс,  Цэргийн штаб,  Зэвсэгт  Хүчний  123 дугаар ангийн удирдах ажилтнууд  оролцсон юм. 
Энэ үеэр Зэвсэгт Хүчний 123 дугаар анги зэвсэг, техникийн  бүрэн  хэмжээний  үзэсгэлэн гаргасан бөгөөд  гэрээт цэрэг сонгон шалгаруулах журмын дагуу “Гэрээт цэрэг- ажлын байр” хэмээх үйл ажиллагааг зохион байгуулж иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулсанааар 4 иргэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн албан хаагч боллоо. Тэд цэргийн албаа амжилттай хааснаар цаашид ахлагчаар суралцах эрхтэй болох юм байна.
Үүнээс гадна 5 сард болж өнгөрсөн Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд  амжилттай оролцсон ахлагч Э.Жамъян “Ховдын төлөө медаль”-иар, ахмад С.Сүхбаатар “Ховд аймгийн хүндэт жуух бичиг”-ээр, ахлах дэслэгч Б.Энхтайван “Ховд аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл”-өөр тус  тус шагнуулсан  юм. Тэд энхийг сахиулах үйл ажиллагаанд хоёроос дээш удаа үүрэг гүйцэтгэсэн байна.
Уг  нээлттэй  үйл ажиллагаанд иргэд, хөдөлмөрчид идэвхтэй оролцож Химийн хорт  нөхцөлд ашигладаг багаж, холбооны хэрэгсэл, машин  техник, тагнуулын багажууд болон буу зэвсэг, холын тусгалт Зенит  дуран тицка зэргийг хэрхэн  ямар зориулалтаар ашигладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэгтэй болсон юм.
Монгол Улсын зэвсэгт  хүчин,  хилийн цэрэг,  онцгой байдал болон бусад хүчний байгууллагуудын ажилтан, албан хаагчид  2003 оноос  эхлэн  эрүүл мэнд, бие бялдарын шалгуур үзүүлэлтэнд тэнцсэнээр Олон улсын  энхийг  сахиулах  үйл ажиллагаанд  оролцдог  болсон.  2016 онд  Ховд аймгийн  Зэвсэгт  хүчний  123 дугаар ангийн  40 гаруй албан хаагчид  энхийг  сахиулах  ажилд амжилттай  оролцсон байна.  Энэ онд  дахин  40 гаруй  албан хаагчид  энхийг  сахиулах  үйл  ажиллагаанд  оролцохоор  бэлтгэл  сургуулилтаа  хийж байгаа аж.
                           А.Бямбасүрэн
相关新闻