Ажлаас халагдсан ЕБС-ийн захирлууд мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-05-29 17:09:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд өнөөдөр нийслэлийн 9, 18, 107, 67 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан хүмүүс хэвлэлийн бага хурал хийж ЕБС-ийн захирлуудыг ажлаас нь  үндэслэлгүй халсан шийдвэр гаргасан талаар мэдээллээ.  

Тэд, Бид 20-30 гаруй жил хүүхдийн төлөө ажиллаж их зүйлийг хийснийхээ төлөө улс төрийн золиос болж үндэслэлгүй ажлаасаа чөлөөлөгдсөн. Бидний оронд урьд өмнө нь багшилж байгаагүй, ямар ч туршлагагүй, багшлах эрхгүй хүмүүсийг захирлаар томилсон байна. Нийт 10 багшийг ажлаас халах захирамж гарснаас одоогоор зургаан багш халагдсан. Бидний хамт ажлаас халагдсан 1, 13, 29, 105  дугаар сургуулийн захирлууд ч нэгдсэн гэв.

ХУД-ийн 18 дугаар сургуулийн захирал асан Чинбат, сургуулийнхаа спорт заалыг түрээслэдэг гэсэн нотлогдоогүй зүйлээр ажлаас халж байна. Энэ бол Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл юм. Энэ захирамжийн дагуу Анхмаа даргатай ажлын хэсгийн дүгнэлтээр гэсэн өгүүлбэр бичиж, нэрийг нь өөрчлөөд, халах захирамж гарсан байна. Бидэнд улс төрийн зорилготой юм уу, аль нэг намын хамааралтай хүн нэг ч байхгүй. Бид төрийн үйлчилгээний албан хаагчид, цалингаас цалингийн хооронд амьдардаг, бүгд байрны болон цалингийн зээлтэй хүмүүс. 2012 оноос хойш томилогдсон гэдгээрээ бид хохирч байна. Бидний оронд тэтгэвэртээ гарсан болон гарах гэж байгаа хүмүүсийг томилсон. Миний оронд гэхэд дараа жил тэтгэвэрт гарах хүн томилогдсон гэв.

107-р сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмид, Би энэ сургуульд 2013 оноос хойш захирлаар ажилласан. Улсын байгууллагад 38 жил, боловсролын байгууллагад 28 жил ажилласан. Жилийн дараа тэтгэвэртээ гарах байсан. Би “Боловсролын тэргүүний ажилтан” цол хүртсэн хүн. Намайг халсныхаа дараа манай сургуулийн нягтланг халсан. Одоо багш нар хоорондоо шивнэж ярьдаг болсон. Бид сургуулийнхаа ойг угтаж сурагчдаасаа сургуулийнхаа бүтээн байгуулалтад нэг хүүхдээс арван мянган төгрөг хураасан юм. Энэхүү мөнгийг 3000 төгрөгөөр анги зассан. Үлдсэн 7000 төгрөгөөр сургуульдаа бүтээн байгуулалтын ажил хийсэн юм. Энэ нь миний халагдах гол шалтгаан болсон. Тэгэхэд бид маш бага мөнгөөр ямар их бүтээн байгуулалт хийж болдгийг харуулсны төлөө халагдлаа. Бид нийтдээ 21 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн. Манай сургууль биеийн тамрын заалаа зориулалтын резинэн шал, үзэгчдийн суудал хийсэн. Мөн урлагийн заал болон гадна тохижилтод зарцуулсан. Ийм ажил хийгээд халагдсан нь боловсролын байгууллага улс төрийн хараат болсныг харуулж байна гэв.

Энэ хуралд ирсэн СХД-ийн 9-р сургуулийн захирал асан А.Батжаргал, 67 дугаар сургуулийн захирал асан Ч.Алтансүх нар ч үндэслэлгүй халсан гэдгийг жишээ баримт дурдан онцолж байв.

Д.Өлзий
相关新闻