АНУ Парисын хэлэлцээрээс гарах эсэхээ ирэх долоо хоногт шийднэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-05-28 13:02:58
ВАШИНГТОН. /Reuters/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргах эсэхийг тун удахгүй шийдвэрлэхээ тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Д.Трамп өчигдөр твиттер хуудсандаа “уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээртэй холбоотой асуудлаарх эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногт гаргана” гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг “зохиомол сэдэв” гэж үздэг тэрбээр өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гаргана” гэж амлаж байсан билээ.

Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах зорилго бүхий Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг “Их-7” бүлгийн Дээд хэмжээний уулзалтын үеэр түүнд тус бүлгийн гишүүн бусад зургаан улсын удирдагчид уриалсан юм.

Хэрвээ АНУ уг хэлэлцээрээс гарвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэлхийн бусад улс орны гаргаж буй хүчин чармайлтад ихээхэн сөргөөр нөлөөлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд
 
 
 
相关新闻