Шууд бус орлогын албан татварын биелэлт сайн байгааг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-28 07:39:48
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын V  хуралдаанаар 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцлээ. Илтгэлийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг танилцууллаа. 
Аймгийн 2016 оны төсвийн нийт орлого 81.3 тэрбум төгрөг батлагдсанаас гүйцэтгэлээр 80.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс, 2016 оны төсвийн орлого 45.6 тэрбум  төгрөг батлагдсанаас гүйцэтгэлээр 44.9 тэрбум төгрөг төвлөрүүлж 98.4 хувийн биелэлттэй,  тусгай зориулалтын шилжүүлгийн орлого 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт ирэхээс 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 100 хувь, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт ирэхээс 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж  тус тус 100 хувийн биелэлттэй гарсан байна. 
Мөн татварын шууд бус орлого 257.5, Бууны албан татвар 11.7 сая төгрөгөөр, Үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар 1.5 тэрбум төгрөгөөр, Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр 11.8,  Хог хаягдлын хураамж 32,  Ойн нөөц ашигласны төлбөр 10.8,  Ус рашааны нөөц ашигласны төлбөр 12.9, хүү торгуулийн орлого 167.3, Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 142,  Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар 134.9 сая төгрөгөөр тус тус давж биелсэн байна. 
Харин “Хүн амын орлогын албан татвар”, “Газрын төлбөрийн орлого”, “Үйл ажиллагааны орлого”-ын татвар 2016 онд тасарсан дүнтэй гарчээ. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол батлагдсан бөгөөд үүгээр тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зардлыг 36.8 сая төгрөгөөр бууруулж, орон нутгийн төсвийн Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 тэрбум төгрөгөөр баталсан тул дээрх эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй төсөвийн тодотгол хийх шаардлага тулгарсан юм. 
     
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻