Нийгмийн даатгалын багц хуулинд шинэчлэл шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-27 22:54:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн ЭМНДХ-ээс нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл үндэсний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэг нь “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдвийн дор Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал, төрөөс хүн амын хөгжил, тэтгэврийн шинэчлэл, малчдын талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Хэлэлцүүлэгт аймгийн Ажил олгогч эздийн төлөөлөл, мөн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлүүд, аймгийн ЭМНДХ-ийн сумдын байцаагчид оролцож хуулийн шинэчлэлд санал, бодлоо тусгалаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хамгааллын чиглэлээр явуулж байгаа бодлого чиглэл, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, хэрэгжих байдал, шинэчлэх шаардлага, мөн төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн танилцуулга зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр холбогдох хүмүүс илтгэл тавьсан. Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц хуулийг 1995 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд  иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, ажил олгогч даатгуулагчийн эрх ашгийг дээдлэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн даатгалын тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн нийт 20 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байжээ.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ЭМНДХ-ийн дарга С.Отгонжаргал:-“Сүүлийн үед иргэдийн дунд тэтгэврийн нас болон цалингийн орлого өндөртэй иргэдийн шимтгэлийн хураамжийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд төдийлөн сайнгүй хандаж байгаа. Иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа энэхүү асуудлыг эцэслэх зорилгоор үндэсний хэмжээний хэлэлцүүлэгийг орон нутагт явуулж байна. Хэлэлцүүлгээр иргэдийн болон ажил олгогч эздийн гаргасан санал дүгнэлтүүдийг цуглуулан, УИХ-ын намрын чуулганд хүргүүлэн хэлэлцүүлснээр энэ асуудал нэг тийшээ болох учиртай” хэмээн ярилаа.
         Ч.Отгонцэцэг   
相关新闻