Багш нарыг хөгжүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-27 14:09:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал авах зорилго бүхий “Багшийн хөгжлийн форум-2017” Соёлын төв өргөөнд болж байна.

Форумд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн 1300 гаруй багш, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын дарга Ц.Сандуй, НЗД С.Батболд нар оролцож байна.

Форумын эхэнд “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр уг хуулийн санаачлагч юм. Багшийн нийгэмд эзлэх байр суурь болон амьдралын баталгааг нэмэгдүүлэх, хөгжих бололцоогоор хангах, ёс зүй, хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Хуулийн төсөлд багш нарын цалингийн асуудлаас эхлээд нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон зүйл заалт орсныг тэрбээр танилцуулсан юм.

Улсын хөгжлийн ирээдүйг цогцлоон бүтээх үүрэг өнөөгийн хүүхэд залууст оногдож буй юм. Тиймээс  шинэ үеэ өсгөн бойжуулах, ур чадварт нь нийцсэн мэргэжил эзэмшүүлж, өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэд бэлтгэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой гэдгийг НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ. Тэрбээр, “Энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэгч багш нараа хөгжүүлэх, тэдний нийгмийн баталгааг өндөр түвшинд байлгах замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар, нийслэлийн удирдлага баримтлан, үйл ажиллагааны хөтөлбөртөө энэ чиглэлийн олон ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлж эхэлсэн” хэмээв.

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233 мянган сурагч, сургуулийн өмнөх боловсролын 623 цэцэрлэгт 105 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 72.8 хувьтай байгаа нь өмнөх хичээлийн жилээс 3.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр долоон цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн гэдгийг НЗД С.Батболд хэллээ. Тэрбээр, “2018 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийг барихаар төлөвлөж байгаа гэлээ.

Чуулган үргэлжилж байна. Чуулганы төгсгөлд “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарах юм.

Ч.Ариунболд
相关新闻