Хувийн хэвшлийг дэмжих стратеги төлөвлөгөө боловсруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-26 08:56:36
Ховд /МОНЦАМЭ/. Ховд  аймгийн  ЗДТГ-аас “Хувийн хэвшлийг дэмжих нь” сэдэвт аймгийн бизнес  эрхлэгчдийн зөвлөгөөнийг  энэ сарын 25-нд зохион байгууллаа. Хувиараа  болон нөхөрлөл, хоршоо  хэлбэрээр аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа, тэдний санаачилгыг  дэмжих, түншлэлийг өргөжүүлэх,  стратеги зөвлөмж   боловсруулах, мэдлэг, мэдээлэл олгох, арга зүй  ур чадварыг  төлөвшүүлэх  зорилготой   зөвлөгөөнд  17 сумын  бизнес  эрхлэгчдийн  төлөөлөл 150 гаруй  хүн  оролцож  санал бодлоо  илэрхийлэв.
Бизнес  эрхлэгчдийн  зөвлөгөөний  нээлтийн  үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны  харьяа Хөдөлмөр Халамж  Үйлчилгээний Ерөнхий  газрын дарга  Б.Нямдаваа, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням  нар оролцов.
Зөвлөгөөний үеэр  Хөрөнгө оруулалт,  Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх зөвлөгөөний зорилт, зорилт,  аймгийн Засаг дарга Д.Галсандондог 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжилтийн явц, УИХ-ын гишүүн О.Батнасан шинээр батлагдсан хууль  тогтоомж, төрөөс  баримталж  буй бодлого, шийдвэр,  хэрэгжилттэй холбоотой  цаг  үеийн асуудлаар  мэдээлэл хийв.
Албаныхан “Үндэсний үйлдвэрлэл бүс  нутгийн  хөгжил”, “Засгийн газар, аймгаас баримталж буй бодлого”, “Сум  хөгжүүлэх сан, "Зээлийн батлан даалтын сан"-гаас олгосон зээл, түүний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга зам, “Эрсдэлд суурилсан татварын хяналт  шалгалт” сэдвээр  илтгэл   хэлэлцүүлж, бизнес  эрхлэгчдийн  сонирхсон асуултад хариуллаа.
Бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн төрийн бодлого, холбогдох хууль, аймгийн нийгэм эдийн засгийн цаг  үеийн мэдээлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас баримталж буй бодлого, худалдаа үйлдвэр үйлчилгээний салбарт мөрдөж буй стандартууд, түүний хэрэгжилт,  ажил үйлчилгээний талаар салбар байгууллагуудын дарга,  удирдах ажилтнууд  мэдээлэл  хүргэсэн.
Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөний  үр дүнд  хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулж, түүнтэй  уялдсан төсөл хэлэлцэх, зөвлөмжийн төсөл гарган батлах  зэрэг  үйл явцыг  өрнүүлсэн нь чухал ач холбогдолтой болсон аж. Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнд оролцсон 17 сумын 150 гаруй төлөөлөгч  Жаргалант  өрхийн  эрүүл мэндийн  төвд  үнэ төлбөргүй  эмчийн  үзлэгт  хамрагдана.  
А.Бямбасүрэн
相关新闻