Д.Баатар:Өглөө бүр шинэ талх айлын ширээн дээр байх гоё шүү дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-25 15:40:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн брэнд болсон хмелийн том талхыг өглөө бүр шинэхэнээр нь хүмүүст хүргэхийг гол зорилгоо болгон яваа сэлэнгэ нутгийн ажилсаг эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл Дэлэгийн Баатар гуайтай түүний ажил, амьдралынх нь талаар, брэнд болгож чадсан амтлаг том талхных нь талаар хөөрөлдлөө.
-Сэлэнгийн хмелийн том талх гэж бараг монгол улс даяар мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй болов уу. Том талх хийх болсон түүхээ хуваалцаач, та?
-Эгч нь нас залуухан 32 настайдаа тэтгэвэрт гарсан. Ингээд олон нялх нойтон хүүхэдтэй болохоор хэцүүхэн л байлаа. Тэгээд арай залуухан тэтгэвэрт гарчлаа, одоо юу хийдэг билээ гэж бодсон. Ингээд нэг өдөр талх хийе гэж бодоод 5 талх хийж заруулахаар тараасан. Тухайн үед өвгөн маань хүнд өвчнөөр унасан хэцүүхэн л үе байлаа. Ингээд би 2000 оноос анх талхаа хийж эхэлсэн. Талхаа борлуулахын тул хүмүүсийг гуйгаад явдаг байсан. Эгч нь нэг ийм талх хийсэн юм, амсаад үз, гээд л. Зарим үед бүр талхаа үнэгүй тараадаг байсан. Мэдүүлэх гэж. Ингээд өдөрт 5 талх хийж тараасаар хүмүүс мэддэг болж, сүүлдээ асууж эхэлсэн. Өнөөдөр эгч нь 6 төрлийн талх хийж байна. Би өөрийн энэ том талхаа Сэлэнгэ нутгийн брэнд болгож чадсанаараа их бахархдаг.  Би өглөө бүр талхаа амсаж үзэж хөрөнгөө хийдэг. Энэ хмел гэдэг ургамал чинь маш сайхан амт оруулна. Өдөрт хичнээн л талх хийнэ бүгд л дуусчихаад хүмүүс талх авья, талх авья гээд л захиалга өгдөг. Өглөө бүр шинэ талх айлын ширээн дээр байх гоё шүү дээ. Шинэ талхны үнэр нь халхлаад үнэхээр гоё. Миний амьдралыг өөд нь татсан талхандаа би их хайртай. Анх би нэг ширхэг зуухтай байсан. Одоо бол том, жижиг нийлсэн 6 төрлийн зуухтай, 5-6 төрлийн талх үйлдвэрлэж, Сэлэнгэ нутгийнхаа ард иргэдэд хүртээдэг болжээ. Би хаана л үзэсгэлэн худалдаа гарна түүнд очиж оролцож явсаар энэ талхаа “Сэлэнгийн том талх” гэдгээр нь таниулж чадсандаа их баяртай байдаг. Сэлэнгийн талх авья гээд ирэхээр нь ямар их баярладаг гээч. Зарим үед жаахан муухан болчихно. Бушуухан дахиж сайхан талх хийхийг боддог. Өглөө 5 цагт босоод өөрөө хөрөнгөө хийгээд л талхаа хийнэ шүү дээ.
 -Та энэ талхийг ийм сайхан амттай болгох. Дээр нь хмел гэдэг ургамалаар талх хийх аргыг хэнээс сурч, эзэмшив. Энэ талаараа сонирхуулаач?
-Энэ хмелийн талх чинь анх төмөр замаас гаралтай юм ш дээ. Тухайн үедээ 300 төгрөгөөр гардаг байлуу даа. Цаг үеийн байдлаас болоод тэр төмөр замын талх маань байхгүй болсон. Миний нэг хамаатан хмел ургамлаар эсгэж амтлаад талх хийдэг байсан юм. Тэгээд буурай минь надад талх хийхийг зааж өгч сургасан. Зуны цагт 24 цагт 700-800 талх гарна. Даанч галын талх болохоор их удаан гарна. Цагт 4-5 талх л гарна. Том талх чинь удаан хөөнө. Хмелийн хөрөнгө гэдэг чинь зүгээр нэг  эсэхгүй 6 цаг болж байж эснэ. Тэгээд тэр хөрөнгөөсөө тасалж гурилаа зуурна. Дахиад хөөлгөнө тэгээд талхаа хийнэ. Ажил ихтэй дээ. Талх амт оруулдаг хмагийн гол юм чинь хөрөнгө гэдэг юм чинь шүү дээ. Хөрөнгөөр л талх хийнэ. Тэр хмел гэдэг сайхан амтат ургамал чинь л сайхан хөрөнгө болж талхыг амт оруулж байгаа юм. 
-Таны тэр буурай гээд байгаа хөгшин чинь хэн гэдэг хүн байв. Танай удамд өөр талх хийдэг хүн байв уу. Ер нь талх гэдэг өдөр тутмын амттанг хэрхэн яаж, хүний хэрэгцээнээс гарахааргүйгээр амттай хийдэг талаараа хуваалцаач ?
-Миний өөрийн хамаатан 80 гаруй настай Сэсээр гэдэг хүн бий. Ховд аймгийн Цэцэг суманд амьдарч байгаа. Надад заахын хажуугаар өөрийнхөө үр хүүхдүүдэд ч талх хийхийг зааж өгсөн сайхан буурал бий. Одоо хүртэл сургуулийн хүүхдийн цайны талхыг хийж байгаа. Манайхан үе удмаараа дамжсан талхчин хүмүүс. Би Ховдын гаралтай хүн. Миний аавын талын хамаатнууд бүгд гэрээрээ талх хийдэг байлаа. Дээр үед сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны талхыг хийж өгдөг байсан юм.  Талхыг чинь зүгээр нэг ус, давс холиод гурилаа зуураад хийхгүй шүү дээ. Хөрөнгө гэдэг юм чинь тэр талхыг амт оруулдаг гол зүйл ш дээ. Өнөөдөр талхаа хийлээ маргааш улам амттай болгох юмсан гэж би боддог. Би бараг үр хүүхдүүдээсээ илүү талхандаа хайртай гэж хэлнэ. Таны талх гоё болж, сайхан талх байна. Баярлалаа. Та энэ хэвээр нь амт чанараа хадгалаарай гээд талархалын үгнүүд их ирдэг. Би сэтгэлээ шингээж хийсэн болохоор талх минь сайхан амттай болдог.  Ер нь дуковкны талх чинь нялцгай цагаан талх болдог юм. Өглөө бүр шинэ талх энэ чанараа битгий алдаарай гээд хүмүүс их л ярьдаг. Би их баярладаг. Утаа үнэртсэн мах ямар гоё байдаг билээ. Яг түүн шиг галын утаа үнэртсэн талх маш гоё.
-Та өдөрт хичнээн талх үйлдвэрлэж байна. Хэдэн төрлийн талхтай болов. Үр хүүхдүүд тань хамтарч байгаа юу. Таны цех нэлээд өргөжсөн харагдана. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?
-Би талхаа бага хүүдээ өвлүүлж өгсөн. Миний хүү 5-6 хүнийг ажлын байраар хангаад талхаа үйлдвэрлэж байгаа. Хүү маань хийсэн талхаа Дархан-Уул аймаг руу нийлүүлдэг. Өдөр өнжөөд 400-500 талх Дархан-Уул аймаг руу явж байна. Би өөрөө эндээ Сэлэнгэдээ талхаа нийлүүлдэг. Зун болохоор том талхны эрэлт улам ихэсдэг юм. Энд тэндээс хүмүүс утасдаад захиалаад талх авна шүү гэдэг. Би чадлаараа л хийж өгдөг. Манайх буриад маягийн гоё зуухтай. Зуухан дээр гал дээр хийсэн талх цаанаасаа болц сайтай, хөрс сайтай, амттай болдог. Утаа үнэртсэн галын талх гэдэг чинь их өөр шүү дээ. Манайх дандаа монгол аргаар талх хийдэг. Эгч нь өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ нийлээд 12 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Хамгийн доод талын цалин өдөрт  25000 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Олон жил ажилласан сайхан хүмүүс бий. Талхыг минь сайхан хийгээд өгдөг, ажил нь гарт нь орсон сайхан хүмүүс бий. Харин ч заримдаа дийлэхгүй. Гол нь амтай байх хэрэгтэй. Манай ажилчид орой 9 цагт гараад, өглөө 9 цагт буудаг. 3 ээлжээр ажилладаг. Өвөлдөө жаахан буурдаг. Зуны цагт өдөр урт болоод талхны хэрэглээ ихэсдэг. 
-Таны талх нэг үеэ бодоход олонд танигдчихлаа. Хол ойроос захиалга их ирнэ биз. Бас хамтарч ажиллах санал ирж байв уу?
-Сэлэнгэ брэндийн талхаа авьяа гээд ирэхээр нь би их баярладаг юм. Санал тавих асуудал бий. Зөндөө ирсэн. Би өө, эгч нь чадахгүй гэдэг. Өөрийнхөө бололцооныхоо хэрээр савныхаа хэмжээнд л хийж байгаа нь боллоо. Өшөө шунаад ч яахав. Улаанбаатар хотоос том том хүмүүс манайтай хамтран ажиллая, таны талхыг том том супермаркетад нийлүүлье. Улаанбаатарт сайхан байр бариад өгье гэдэг. Эгчид нь тийм хүчин чадал байхгүй ээ гэдэг. Зүгээрээ хоолны баг нь амттай. Эндээ л байя. Би олон дэлгүүрт өгдөг. Бүгд л дууссан байдаг. Сумдууд руу захиалгаар хүргүүлдэг. Орхон жимс ногоо, Улаан толгой руу би тээшинд хийгээд л явуулдаг.
-Аливаа ажил явуулахад дардан байхгүй нь мэдээж. Танд шантарч халширах үе байв уу. Талхны бизнес эхэлсэн гараа ямар байв. Сонирхол татаж байна?
-Байсан байсан. Гурил будаагаа авч чадахгүй байх. Талхаа өгөх газраа олохгүй байх гээд . . . Тэр бүхнийг чинь тэвчиж байж л бэрхшээл бүхнийг давж гарна шүү дээ. Хамгийн гол нь би шантрахгүй л зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өөрөө би дэлгүүрт аваачиж өгдөг байлаа. Эгч нь анх удаа талх хийж байгаа юм. Үүнийг амсаад үз гээд заримыг нь үнэгүй хүртэл өгч байсан. Тэгээд хүмүүс өө ёстой гоё юм байна. Таны талх зарагдсан шүү, дахиад хийгээд ирээрэй гэхээр нь урамшаад талхаа хийсээр л байсан. Ийм үг сонсохоороо баярлаад талхаа хийх гээд гэр лүүгээ яардаг юм билээ. Тэгээд намайг ингэж байх үед миний ханийн дүү надад нэг зуухаа өгсөн. Эгч минь олон нялх хүүхэдтэй үлдлээ гээд. Би 32 настай тэтгэвэрт гарсан хүн шүү дээ. Ханиасаа хойш гадаа гарч эр, гэрт орж эм болох үед надад бишгүй байсан. Хүн шантархгүй байж л юмны ард гардаг юм байна. Зарим үед түлээ мод, гурил будаа байхгүй байх, хүн хүч дутагдах гээд бэрхшээл их гардаг байсан. Одоо сайхан байна аа.
-Таны энэ хөдөлмөрч зан чанар хэнээс өвлөгдсөн юм бол. Таны ээж талх хийдэг байсан уу. Та хүүхдүүддээ юуг эрхэмлэж хэлж, захидаг вэ?
-Миний ээж сургуульд насаараа тогтооч хийсэн хүн. Хүнс дагасан хүн хоолтой явдаг гэж ээж минь хэлдэг байлаа. Ээж минь бас сайхан амттай талх хийдэг байлаа. Ээжийн минь хэлж байсан үг үнэн юм даа. Зарим үед ээжийнхээ хэлсэн үгийг дагаагүй юмандаа үүнийг нь хийчихгүй яаваа гэж боддог үе гардаг юм. Би хүүхдүүддээ ажил төрлөө сайхан хийгээд үр хүүхдээ сайхан өсгөөрэй гэж захидаг. Ажилгүй хүн сайхан амьдарч чадахгүй. Би талхаа бага хүүдээ өвлүүлээд өгсөн. Хүүхдүүд маань, бэрүүд маань талхаа сайн хийж байгаа. Миний хувьд ийш тийшээ явахаараа талх руугаа санаа зовоод, хаяад явчиж чаддаггүй юм.
-Та талхныхаа уут савыг өөрчилсөн харагдана. Ер нь аливаа бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодол сайхан байх чинь бас хүмүүсийн анхаарлыг татдаг юм шиг. Та хэр олон үзэсгэлэн худалдаанд оролцов. Шагнал урамшил их авсан байх даа?
-Би жижиг талхандаа дахиад нэг уут хийж байгаа. Миний том талх чинь улаан ууттай. Хүмүүс улаан ууттай талх авья гэдэг. Би их баярладаг. Би талхтайгаа олон үзэсгэлэн худалдаанд оролцсон. Их ч шагнал хүртсэн. Тэгээд 2013 онд аймгийн хөдөлмөрийн аварга болж байсан. Энэ үед би их баярласан. Бүтэн жил миний зураг аймгийн самбарт байрласан. Хөгшин ч гэсэн намайг гололгүй манай дарга нар миний хөдөлмөрийг  үнэлж байгаад их би их баярласан. Шилдэг хүнс үйлдвэрлэгч, шилдэг талх үйлдвэрлэгч гээд л . . .
Шагнал авах чинь их сайхан ш дээ. Ер нь шагнал гэдэг чинь хүнийг урамшуулж, улам л урам зориг хайрладаг юм шүү дээ. Шагнал авчихаад би дараа нь шөнөжин бодоод л хонодог. Ийм шагналын хариуд би юу хийх вэ, юу өгөх вэ гээд. Надад аймгийн хөдөлмөрийн аварга бий. Загасны Алтанцэцэг гэдэг хүн бид хоёрыг Хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлсон юм. Тэгээд хариу нь ирээгүй. Хүмүүс намайг дахиад өг л гэдэг. Би яахав дээ гээд л сууж байдаг. Ер нь хүн урмаар явдаг амьтан юм билээ.
-Сайны хажуугаар саар гэдэг. Таны талх мэдээж үргэлж магтуулж байгаагүй болов уу. Хүмүүсээс янз бүрийн үг сонсож байв уу?
-Өө сонсолгүй яахав. Зарим нь хөрс зузаан байна. давсгүй байна гэх мэтээр үг хэлнэ ээ. Би тэр бүгдийг хүлээж авдаг. Дор дор нь алдаагаа засаад л явдаг. Зарим шүүмж хүнийг улам л урагш нь ахиулах шат болж өгдөг юм шүү дээ. Миний талх чинь галаар  жигнэж хийдэг болохоор хөрс нь сайхан зузаан болдог юм гэхээр аан тиймүү, галын талх юм уу гээд л явдаг. Юм дандаа дардан байна гэж юу байхав. Юм юм байлгүй яахав. Би тэр бүгдийг хүлээж аваад дор дор нь дутагдлаа засаад л явдаг. Сайхан, муухай зүйл байна аа.
-Нэгэнт хөлс хүчээ зориулан байж бий болгосон таны том талх хэвээрээ л үлдэнэ. Цаашид өөр бодож төлөвлөсөн зүйл бий юу. Тухайлбал нэр төрлөө олшруулах, өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийх гэх мэтээр?
-Байгаа байгаа. Өшөө илүү амттай болгох санаа бий. Миний хамаатан нэг танил гоё амтат талх хийдэг. Түүнийг бас өөртөө турших бодолтой байгаа. Би талхаа өсгөсөөр 6 төрөл болгосон. Сүүлийн үед хар талх хийж байгаа. Хүмүүс бас л сайхан болж байна гэсэн.
-Хар талхаа та ямар технологиор хэрхэн хийж байна. Таны талхнуудын төрөл зүйл юу билээ?
-Алтан тарианы бүхэл үрийн 2-р гурилаар хийдэг. Тусгай хар талхны бүхэл үрийн гурил гэж байдаг юм. Том талх, бөөрөнхий талх, дөрвөлжин талх, зүсдэг талх, хар талх, загасан талх. Одоо би буриад талх хийж үзэх гээд бэлдэж байгаа. Ноднин Буриад улсын Хиагтад очоод талхан цехийг нь судалсан. Оросын талх зөөлхөн, аманд орохоороо алга болчихдог юм билээ. Би хүнсний газраар явахдаа дандаа талх харж явдаг. Бусад хүмүүсийн хийдэг талхыг би дандаа харж, амсаж явдаг.
-Таны талх Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн гэсэн хаягтай. Үндэсний тохирлын гэрчилгээгээ ч авсан бүтээгдэхүүн. Манай аймагт олон төрлийн талх үйлдвэрлэдэг хүмүүс байгаа. Тэндээс туршлага судлах гэж хүмүүс тань дээр их ирдэг үү?
-Ирдэг. Мэдэх чадах юмаа хэлээд л явуулдаг. Гэхдээ бүтээгдэхүүний өөрийн онцлог, эзэн хүний өөрийн баримталдаг  нууц жор гэж бий. Бусдад хамаагүй дэлгэхгүй. Миний “Сэлэнгэ талхан цех”-ийн талхны амт өөрийн гэсэн нууц жор, арга барил бий. Би талхнаасаа өөр нарийн боовны цех байгуулна гэсэн зорилготой ажиллаж байгаа. Цехээ өргөжүүлэхээр хүүхдүүд тоног төхөөрөмж орууулж ирж байгаа. Манайх хэрчсэн гурил хийдэг. Сэлэнгэ хэрчсэн гурил гэж бий. Одоо хийнэ. Мөн хэлбэр дүрсээ өөрчилж болно. Гагцхүү хэвээ хийчих юм бол. Хүүхдүүдэд зориулсан жижиг төрлөөрч  хийж болно. Иймээс хэв дагаад өөрчлөгдөнө. Хэвээ би өөрөө хүнээр хийлгэдэг.
-Та ханийнхаа талаар дурсаач. Та өөрөө эцэг эхээсээ хэдүүлээ вэ. Та хоёр хоёулаа нэг нутаг усных уу. Ямар ажил эрхэлдэг хүн байв. Та хоёр хичнээн хүүхэд төрүүлж өсгөв. Одоо хүүхдүүд тань юу хийж байна. Мэдээж сайхан өнөр өтгөн болсон байх даа?
Эгч нь талхныхаа буянаар хүүхдүүдээ сургуульд нь сургасан. Би талхныхаа буянаар энэ сайхан нутагт сайхан амьдарч байна. Миний  хань 23-р баазад жолооч хийдэг М.Идэш гэдэг хүн байсан. Тээврийн тэрэг барьдаг байлаа. Миний нөхрийн дүү Гантөмөр гэдэг хүн надад их тусалдаг байсан. Тэр дүү нь Энхтал гэдэг газар Засаг даргаар ажиллаж байсан. Би 3 охин, 2 хүүтэй. 3 нь энд, нэг нь хөдөөд, нэг нь хотод амьдарч байна. Том хүү маань ээжийнхээ талхийг дэлгүүр хоршоогоор тарааж борлуулдаг. Бэр, охин хоёр маань лангуутай талхаа зардаг. Би эцэг эхээс 6-уулаа. Хамгийн том нь. Дүү нар маань одоо тэтгэвэртээ бүгд гарсан 60 гарсан хүмүүс байгаа. 1974 онд энэ сайхан Сэлэнгэ нутагт ханьтайгаа ирж байлаа.  Хүний амьдралыг дээшлүүлдэг сайхан газар гэж хүмүүс ярьдаг яг үнэн юм байна. Би энэ нутагтаа хайртай. Миний ах дүүс цөм хотод бий. Би өөрөө нийтийн ахуй үйлчилгээнд нярав, жижүүр хийдэг байсан. Соц нийгмийн үед чинь юм ховор хэцүү байсан үе. Хаагдмал боогдмол үе байлаа. 9-н тос, талханд оочерлож байж авдаг байлаа. Одоо мөнгө нь байвал юм юм л байна. Бас сайхан цаг үе ирсэн байна. Миний хүүхдүүд их дуулгавартай. Хамгийн том охин Алтанчимэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Нөхөр нь барилгын компанид ажиллаж байна. Дараагийн охин Алтанцэцэг Шаамарт малчин. Дараагийн охин Зохиомж дээд сургууль төгсөөд ажиллаж байгаад одоо зах дээр худалдагч хийж байна. Хоёр хүү маань ээжийнхээ хамтаар ажиллаж байгаа. Манай хүүхдүүд ааваасаа бага үлдсэн. Миний нөхөр МХЗЭ-ийн тэргүүний ажилтан залуу алтан медалийг гурван удаа авсан. Аймгийн аваргыг 2 ч удаа хийсэн. Их хөдөлмөрч хүн байсан. Өвчин гэдэг юм хэцүү. Юуг ч дийлэх юм даа. Одоо хүүхдүүд тус дэмээ өгөөд үр ач, зээгээ тойруулаад сайхан байна. 7 ач, зээтэй гоё сайхан байна. Талх бол моодноос гарахгүй. Бага хүү минь хар багаасаа ээжийгээ дагаад талх хийсэн. Үүндээ дуртай. Энэ жил Шилдэг ажил олгогчоор хүү минь шалгарч шагнал авсан. Аймгийн дарга нарынхаа хайрыг хүртсэн. Хоёр идэж хоосон хонохгүй болж байна. Хүү минь, Ээжийнхээ буяныг дагаад ажлаа үнэлүүлээд сайхан юмаа ээжээ гээд их л баярлаад байгаа. Хийсэн юм маань гүйхгүй овоороод байвал яана. Тэгэхэд манай талх тийм биш. Дахиад байна уу л гэдэг. Одоо надад сэтгэл зовоод байх юм алга. Сайхан үе ирж байна. Хүүхдүүд минь хоолондоо хүрчлээ. Өөрийн гэсэн бизнес ажил байна.
-Амжилтанд хүрсэн хүний үг алтнаас ч үнэтэй. Та хүмүүст юу гэж хэлэхсэн бол . . ?
Махгүй боллоо гэхэд талхаа идээд хононо шүү дээ. Ингээд бодоход надад сэтгэлд зовох юм алга. Энэ минь яана, тэр минь яана гэх бодол алга болсон. Хүн хөгшин ч гэхгүй хөдөлмөрлөж чадвал л амьдрал байна. Сэтгэлээ шингээсэн бүхэн аяндаа бүтдэг.
Манай ажилчид цалин мөнгө өндөр сард 10 удаа гараад 500-600 мянган төгрөг авдаг. Дандаа нас тогтсон хүмүүс ажилладаг. Зовох нэг цаг байхад жаргах нэг цаг хүнд байдаг л юм байна. Би зовох цагтаа зовж байсан. Талхандаа миний сэтгэл шингэсэн. Өглөө босоод талхаа харахад сэтгэл их өег байдаг. Өглөө би сайхан сүүтэй цайгаа чанаад хүүхнүүддээ бариад ордог. Сайхан цайгаа чанаад өгөх би дуртай. Би хүмүүсдээ амьдралд нь аль болох туслахыг боддог. Ажлаа сайн бүтээгээрэй гээд нэг өдрийн цалинтай чөлөө ч өгөөд явуулдаг.
Хүн ер нь юм юмруу самгардаж болохгүй. Нэг хийсэн зүйл рүүгээ зүтгэсээр байгаад дээшээ гарах хэрэгтэй. Сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Муухай ч байсан сэтгэлээ шингээж зүтгэсэн хөдөлмөр үр дүнгээ өгдөг юм шүү.
Ч.Отгонцэцэг
 
相关新闻