Завханд 200 албан хаагчийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэсэн мэдээлэл бодит байдлаас зөрж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 20:58:09
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн албан байгууллагын дарга нарын ээлжит хурал болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хяналт шинжилгээ- үнэлгээ, дотоод аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны хамтарсан ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцууллаа.
Завхан аймагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хяналт шинжилгээ- үнэлгээ, дотоод аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг тав  хоногийн хугацаатай ажиллалаа.  Хяналт шалгалтын үеэр ажлын  хэсэг санхүүгийн баримт үзэх, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын үйл явц, дүнтэй танилцах, 200 албан хаагчийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээлэл үнэн эсэхийг газар дээр нь үзэж шалгасан.  Гэтэл сахилгын шийтгэлээр 20 хүн чөлөөлөгдсөнөөс дөрөв нь одоо шүүхийн шатанд явж байгаа  юм. Бусад нь улс төрийн албан тушаалтан, тэтгэвэрт гарсан, тухайн ажлын байрны бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор, өөрийн хүсэлтээр, өөр ажилд шилжсэн зэрэг шалтгаантай байна.  Өөрөөр хэлбэл Монгол улсын Засгийн газарт очсон мэдээлэл бодит байдлаас ялгаатай байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг өглөө хэмээн аймгийн Засаг дарга Д.Батсайхан удирдлагуудын хурлын үеэр мэдээллээ.
Дашрамд Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна гэсэн дүгнэлтийг өгчээ.  Түүнчлэн ажлын хэсгийнхэн олон талын зөвлөмж өгснөөс гадна тендер зарлаж гэрээ байгуулсан ажлуудад явцын болон гүйцэтгэлийн хяналтыг эрчимжүүлэх, томилолтын тайланг бичсэний дараа томилолт хаах зарчмыг баримталж ажиллах тухай албан шаардлага өгсөн байна.
Б.Мягмарсүрэн
相关新闻