“Их шинэстэй” ХХК Монгол Улсын “Үрийн аж ахуй” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-24 11:56:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат механикжуулагч С.Ганболд захиралтай Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК Монгол Улсын “Үрийн аж ахуй” боллоо.
Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийг Монгол Улсын “Үрийн аж ахуй” болж буйг албан ёсоор мэдэгдэн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгсөн билээ.
Тус компани нь буудайн үрийг шинэчлэх зорилгоор олон чухал ажлуудыг хийж байгаа бөгөөд үрийн аж ахуй болон өргөжсөнөөр цаашлаад сумынхаа жижиг аж ахуйн нэгж эрхлэгчид буюу тодруулбал 100, 200 га талбай бүхий газруудыг үрээр хангах боломжтой болж буйгаа компанийн захирал С.Ганболд танилцуулсан юм. Эдний компанийн хойд хэсгийн талбай нь  өмнөх нийгмийн үед “Ерөө” САА гэж байхад үрийн 5-р бригад хэмээн ажиллаж байсан үрийн аж ахуйн угшилтай гэлээ. Тухайн үед үрийн аж ахуйн агрономичоор Монгол Улсын гавъяат агрономич н.Шархүү гуай ажиллаж байжээ. Харин одоо тэрээр тус компанийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна.

“Их шинэстэй” компаний хувьд давуу талууд ихтэй байна. Тухайлбал ажилчдынхаа туршлага, ур чадварт түшиглэн өнөөдөр үрийн аж ахуй бий болгож байгаа бол энэ жил ХАА-н хамгийн сүүлийн дэвшилтэд технологи бүхий “Жон Дерри” гэх өртөг өндөртэй ажлын үзүүлэлт сайтай техник оруулан ирж анхны жилийнхээ тариалалтыг явуулж байгаа аж. Мөн хөрсний элэгдэл гэмтлийг хамгаалах зорилгоор тариан талбайгаа тойруулан 5000 орчим нарсны суулгацыг хаврын тариалалтын ажилтайгаа хамтатган гүйцэтгэж байлаа. Энэхүү тарьц суулгах ажилд Ерөө сумын Бугант тосгоны Б.Буянтогтох захиралтай “Буян-Од” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж. Тус компаний хувьд  улсын хэмжээнд нийт 15 сая орчим мод тариалж, ойн төгөл бий болгож чадсан туршлагатай хамт олон гэнэ. “Их Шинэстэй” ХХК нь сумынхаа голын урд хэсэг буюу “Хонгорын нуруу” дагасан газраар тариалангийн үйлдвэрлэлээ явуулдаг байна. Эднийх  өнөө жил 2997 га-д тариалалт хийснээс 200 га-д нь тосны ургамал, үлдсэн хэсэгт нь улаан буудай тариалж, тариалалтын ажлаа бараг дуусч байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг

相关新闻