Манчестерын халдлагыг "Лалын улс" үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНЧЕСТЕР./ВВС/. Даваа гарагийн орой Их Британийн Манчестер хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон дэлбэрэлтийг 22 настай залуу үйлдсэн болохыг цагдаа нар тогтоожээ. Дэлбэрэлтэд өртөн 22 хүн амь үрэгдэж, 59 хүн шархадсан билээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, Америкийн дуучин Ариана Грандын концертын дараа даваа гарагийн орой Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд Салман Абедич гэгч этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлджээ.
“Гэмт этгээд Абеди нь Манчестер хотын өмнөд дүүрэгт амьдардаг байсан бөгөөд Их Британид төрж, өссөн. Эцэг эх нь Ливиэс цагаачлан ирсэн хүмүүс юм” гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн дунд найман настай охин болон өсвөр насны хүүхдүүд байжээ. Шархадсан хүмүүсийн 12 нь 16-гаас доош насны хүүхдүүд гэнэ.
Энэ халдлагын хариуцлагыг “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээжээ.
Өчигдөр орой Манчестер хотын төв талбайд олон хүн цуглаж, амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.
Г.Доржханд